Connect with us

Г.Намхайнямбуу: Эх орон маань циркгүй болчихлоо. Гэвч бид Монгол циркчдийн чадал чансааг дэлхий дахинд батлан харуулсаар байх болно

Испани улсын Фигерас хотод хоёрдугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд зохиогдсон олон улсын циркчдийн V фестивалиас "Mongolian Nomads" шидэх банзны үзүүлбэрээр Алтан цом, “Дудартай акробат" үзүүлбэрээр тусгай байрын шагнал хүртээд иржээ. Баяр хүргэе. Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. -Танай сайтын хамт олон болон уншигчдад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Шинэ оны эхэн дээр манай хамт олон маш сайхан амжилт үзүүлж эх орондоо Алтан цом авч ирлээ. "Mongolian Nomads" үзүүлбэр маань олон орны авьяаслаг, чадварлаг уран бүтээлчдийн үзүүлбэрүүдтэй эн тэнцүү өрсөлдөж өндөр үнэлгээ авсанд мэргэжлийн циркийн жүжигчин хүний хувьд сэтгэл хангалуун байна. Энэ бол 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй А зэрэглэлийн тэмцээн юм. Тав дахь удаагийн энэ тэмцээнд манай хамтлаг анх удаа хоёр төрлийн акробатын үзүүлбэрээр оролцоод, ганзага дүүрэн ирлээ. -Хэчнээн орны циркчид өрсөлдсөн бэ? -Нийт 20 орны 100 гаруй уран бүтээлчид 28 төрлийн үзүүлбэрээр оролцсон. -Энэ тэмцээн таны оролцсон олон улсын тэмцээнүүдийн хэд дэх нь байв. Та эндээс ямар туршлага хуримтлуулсан бэ? -Миний оролцсон олон улсын тэмцээнүүдийн дөрөв дэх нь байлаа. Бид энэ тэмцээний үеэр маш олон чадварлаг жүжигчидтэй өрсөлдсөн. Аваргыг ялж аварга төрдөг гэдэг дээ. Бид ч мөн алдартай, гайхалтай жүжигчидтэй өрсөлдөж, тэднийг ялж чадсан учраас миний болон хамтлагийнхны маань хувьд маш том туршлага боллоо. -Нэгэн үе уран нугаралт, хүндийн жингийн үзүүлбэрээр төсөөлөгддөг байсан Монголын цирк одоо шидэх банзнаас үсрэх үзүүлбэрээр дэлхийн чансааг тодорхойлж байна гэлцэх болжээ. Энэ талаарх таны бодлыг сонсъё. -Би багаасаа циркийн сургуульд орж энэ мэргэжлийг эзэмшиж дэлхийн циркийн урлагт Монголоо таниулах мөрөөдөлдөө хөтлөгдөн хичээсээр ирсэн. Тиймдээ ч зөвхөн дэлхийн шилдэгүүд гэгддэг Орос, Хятад зэрэг улсуудын хийж гүйцэтгэж өрсөлддөг байсан төрлөөр өнөөдөр нэг манежинд нэг түвшинд эрэмбэлэгдэж тэр ч бүү хэл, хамтлагаараа дэлхийн рекорд амжилтыг тогтоосондоо үнэхээр омогшиж байна. Бидний үзүүлбэр Монголын циркийн чансааг нэг шатаар ахиулсан гэж дүгнэж болно гэж бодож байна. -Таныг циркийн маш олон үзүүлбэрээр зэрэг хичээллэдэг гэж сонссон. Ямар, ямар үзүүлбэр хийж гүйцэтгэдэг вэ? -Би 2008 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин Раднаабазарын нэрэмжит Монгол Улсын Консерваторийн циркийн тэнхмийг төгсөхдөө төгссөн юм. Сул утсан дээрх тэнцвэр болон агаарын нисэлттэй үзүүлбэр, акробат, жонглёр, дээсээр наадагч зэрэг үзүүлбэрээр дипломоо хамгаалж байлаа. Сургуулиа төгссөнөөсөө хойш энэ үзүүлбэрүүдээрээ олон улсад болон эх орондоо тоглолтуудад оролцсоор байна. -Дээрх үзүүлбэрүүдээс алинд нь илүү мэргэшсэн бэ? -Дунд сургуульд байхаасаа эхэлж хийсэн болохоор акробатын үзүүлбэртээ илүү мэргэшсэн гэж хэлж болно. Одоогийн байдлаар том үзүүлбэрийн нэг хэсэг болж ажиллаж байгаа учраас хувийн болон бусад номеруудаа хийх боломжгүй байгаа. -Цирк бол залуу насны урлаг. Залуу хүний хувьд Монголын циркийн урлагийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ? -Залуу уран бүтээлчид бүгд л эзэмшсэн мэргэжил, чаддаг зүйлээрээ эх орныхоо нэрийг олон улсын хэмжээнд гаргаж, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулах зорилго тээж явдаг. Миний мэргэжил хэдийгээр маш богино хугацаанд асаад унтардаг гал шиг залуу насны мэргэжил ч гэлээ би Монголынхоо циркийн 70 гаруй жилийн түүхийн хуудсыг илүү олон амжилт бүтээлээр зузаатгах хүсэлтэй. Өнөөгийн нөхцөл байдал улс төр, нийгэм бидний энэ хүслийг хааж боож байгаа ч бид үргэлж хичээж зүтгэсээр байх болно. Харамсалтай нь, эх орон маань цирк ч үгүй болчихлоо. Гэвч бид Монгол циркчдийн чадал чансааг дэлхий дахинд батлан харуулсаар байх болно.