Connect with us

Хангал сумын Засаг дарга М.Төмөрбат: ИХ ХОТЫН ХАЖУУ ДАХЬ ЖИЖИГ СУМЫН ЗОВЛОН ИХ Ч БИД ХӨГЖСӨӨР БАЙХ БОЛНО

 

Булган аймгийн Хангал сумын засаг дарга М.Төмөрбаттай ярилцлаа. Өнгөрсөн жилийн амжилт ололт болоод 2022 онд суманд хийгдэх бүтээн байгуулалтууд, ажлын байр дэмжих хөтөлбөрүүд, цаашлаад цар тахал, малын халдварт өвчинтэй хэрхэн тэмцэж ажиллаж байгаа зэрэг олон асуудлаар хөөрөлдлөө.

2021 ОНД СУМЫНХАА ИРГЭДИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ОЛОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД ХИЙСЭН

-2021 он дуусаж, 2022 он эхэллээ. Өнгөрөгч онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа хийж чадав уу танай хамт олон?

-2020-2024 онуудад хэрэгжүүлэх “Шинэ хөгжлийн зам” мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний жил 2021 он байлаа. Сумын засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр, 2050 он хүртэлх дунд болон урт хугацааны хөтөлбөрүүдтэй уялдуулж ажиллалаа. Ерөнхийдөө 2021 оны ажлууд хангалттай сайн биелэгдсэн.

Онцлох ажлуудаас дурьдвал аймгийн болон сумын хэмжээнд бүтээмж чанарыг сайжруулах жил болгож зарласан. Энэ ажлын хүрээнд төр төсвийн байгууллагын захирал, эрхлэгч, дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулсан. Үр дүнгийн гэрээний дагуу манай сум Булган аймгийн хэмжээнд 16 сум, нэг тосгоноос бүтээмж чанараараа хоёрдугаар байр эзэлж, 600 мянган төгрөгөөр шагнуулсан. Манай сумын хувьд байгууллагууд идэвхитэй сайн оролцож, Эрүүл мэндийн байгууллага түрүүлж, Ерөнхий боловсролыг сургууль, Соёлын төв зэрэг байгууллагууд удаах байруудыг эзэллээ.

Дараагийн онцлох ажил гэвэл “Үндэсний өв бичиг, соёлыг түгээн дэлгэрүүлэх” жил болгож зарласан. Бид төлөвлөгөөний дагуу сайн ажиллаж, аймагтаа наймдугаар байранд орсон амжилт гаргалаа.

Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлуудын хувьд бүгд хийгдэж дууслаа. Спорт заалныхаа гаднах талбайг өөрсдийнхөө хүч бололцоо, аж ахуй нэгжийн дэмжлэгтэйгээр 12 сая төгрөгөөр тохижуулсан. Одоо гаднах гэрэлтүүлэг хийх ажил үлдсэн байна.

Сумын засаг даргын тамгын газрын 00-ын асуудлыг бүрэн шийдвэрлэж, соруулдаг эко 00 гурван ширхэгийг суурилуулсан.

Мөн сумын баяр наадмын талбайн ард зочид гийчид хүлээж авах гэр сууцыг барьсан. Ахмадын баярын өдөр ахмадуудтайгаа хамт гэрийн нээлтээ хийсэн.

Байнга ашиглагдах учраас өөрсдийн боломж бололцоогоороо сумынхаа иргэдийн дэмжлэгтэйгээр эдгээр ажлуудыг хийлээ.

МАЛЧИД МААНЬ МАЛАА ЧАНАРЖУУЛСАНААР ТОВАРЛАГ БАЙДАЛ НЭМЭГДЭЖ, ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ БОРЛУУЛАЛТ ӨССӨН

Өнгөрсөн жилийн хувьд бороо хур элбэгтэй, хадлан ургац арвинтай, мал сүрэн тарган орлоо. Энэ өвөл харьцангуй дулаан сайхан жил боллоо. Мал сүрэг минь таван төрлөөр өссөн байна. Манай сум тэмээтэй болсон. Долоон тэмээтэй байсан, одоо 9 тэмээтэй болжээ. Өнгөрсөн жил 96200 мал тоолуулж байсан бол энэ жил 99600 гаруй мал тоолууллаа. Малчид маань малаа чанаржуулах тал дээр илүү анхаарч ажиллаж байна. Тооноос илүү чанар,  товарлаг байдлыг нэмэгдүүлсэнээр зах зээл дээр борлогдохдоо ч хурдан болсон.

Хэдийгээр бүтээн байгуулалт нэмэгдэж, мал сүрэг минь өссөн ч цар тахал, малын гоц халдварт шүлхий өвчин нэлээдгүй гарлаа. Манай сум нэлээд тэслээ. Аймгийн хэмжээнд шүлхий гараагүй гурван  сумын нэг байсан. Харамсалтай нь сүүлийн 20-иод хоногт шүлхий өвчин нэлээдгүй гарлаа. Хангал сумын I-р багийн нутаг дэвсгэр буюу “Эргэл хайрхан”-аас цааш шүлхий их гарсан. “Эргэл хайрхан”-д нэг пост байгаа. “Хандгайт”-д нэг пост, Хялганат тосгоны “Шавар”-т нэг пост, “Мөнхийн цагаан”-д нэг пост гээд нийтдээ дөрвөн пост ажиллаж байна.

Пост бүр дээр жижүүрлэж байгаа эргүүлүүдийн хоол хүнс, бензин тосны зардал их гарч байгаа ч өөрсдийн боломж бололцоо, иргэдийнхээ хандив тусламж, засаг даргын нөөц хөрөнгөөр үндсэндээ зардлыг шийдвэрлэж байгаа.  Аймгаас хувиарлагдсан вакциныг эрүүл бүс буюу шүлхий гараагүй айлуудаар нэг бүрчлэн явж 900 тун вакциныг урьдчилан сэргийлж тарьлаа. Ерөнхийдөө гол дагуу тархалт ихтэй, уулын амуудаар эрүүл бүсээрээ байгаа.

-Өнгөрсөн жилийн хувьд Хангал сум маань аймгийн хэмжээний сумуудаас короногийн тархалт багатай, ногоон бүс шахуу байлаа шүү дээ. Сум орон нутгийн удирдлагууд ч сайн хэлж ярьж ард иргэдээ хамгаалж, эрүүл мэндийн байгууллага ч сайн ажилласан гэж харж байлаа. Шинэ цар тахал Омикрон хувилбар тархсанаас хойш өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд хичнээн хүн өвчилсөн бэ?

-Ковид цар тахал гарснаас хойш манай сум бусад сумдтай харьцуулахад харьцангуй гайгүй байлаа. Сүүлийн Омикрон хувилбар нэлээд хурдтай тархсан. Өнөөдрийн байдлаар сумын эрүүл мэндийн төвд найм, гэрээр зургаан иргэн эмчлэгдэж байна. Сумын иргэд маань I, II-р тундаа 80 гаруй хувьтайгаар хамрагдсан. III-р тунд 75 хувийн хамрагдалтай байна. Вакциндаа сайн хамрагдаж байгаа учраас өвчлөл харьцангуй гайгүй байна гэж дүгнэж байгаа. Улсын онцгой комиссын Б.Ууганбаяр генерал Булган аймагт ажиллахдаа манай сумыг онцолж I, II, III тунд өндөр хувьтай хамрагдсаныг сайшааж үнэлсэн.

ХАНГАЛЧУУД ЖИЛД 1 ТЭРБУМ 200 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГО БҮРДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

-2022 оны хувьд Хангал сумын хувьд их онцлогтой жил болох нь. Сум анх удаа төсвөө өөрсдөө бүрдүүлж, улсаас ямар нэгэн дэмжлэггүйгээр төсвийн хувьд бүрэн бие даасан сум болох гэж байгаа гэж сонслоо. Хаанаас яаж санхүүжих гэж байгаа вэ?

-Төсвийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Булган аймгийн 16 сумаас манай сум анх удаа орлогоо өөрөө бүрдүүлэхээр болж байгаа. Энэ жил бид нэг тэрбум 200 сая төгрөгийн орлого бүрдүүлэх ёстой. Дээрээс нь аймагтаа 200 сая төгрөг нэмж өгөх үүрэгтэй. Манай суманд Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн ус дамжуулах дөрвөн дэд станц, Сэлэнгэ амралт зэрэг хэд хэдэн томоохон үл хөдлөх объектууд байдаг. Үл хөдлөхийн татвар, газрын татвараа сум өөрөө шууд авч, захиран зарцуулах боломж бүрдлээ. “Эрдэнэт үйлдвэр”-тэй гэрээ байгуулж, сар сардаа үл хөдлөх болон газрын татвараа авж байхаар болсон. Сар бүр 72 орчим сая төгрөг цаг хугацаандаа орж ирээд байвал сум орлогоо захиран зарцуулаад, санхүү мөнгөний хувьд бэрхшээл гарахгүй байх боломжтой.

Мөн 2022 оны аймаг орон нутгийн төсвөөр хэд хэдэн ажлуудыг хийлгэхээр төсөвт тусгуулсан. Үүний нэг томоохон ажил бол 250 сая төгрөгийн төсөвтэй “Ус хөргөх, ариутгах цамхаг” бариулахаар боллоо. Зураг, төсөл нь бэлэн болж байна. Удахгүй тендэр зарлагдана.  Энэ жилийн төсвөөр эх үүсвэрээ хийлгээд авчихвал дараа жилээс аймаг орон нутгийн төсөвт дахин суулгуулаад шугамаа тавиулаад авчвал сум маань цэвэр бохир устай болно. Цэвэр бохир устай болчихвол бүх албан байгууллагууд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тамгын газруудын  00 нь дотроо орно. Цэвэр бохир усны цамхаг баригдсанаар 2024 он гэхэд 20 айлын тохилог орон сууц баригдах зэрэг төлөвлөсөн ажлууд байна. Орон сууц барих газрыг нь шийдчихсэн байгаа.

2022 онд хийгдэх дараагийн нэг томоохон ажил бол “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар нэг тэрбум 200 сая төгрөгийн төсөвтэй 75 хүүхдийн цэцэрлэг баригдахаар боллоо. Сая тендэр зарлагдаад, компани нь шалгарсан байна. Энэ ажил удахгүй эхэлнэ.

2022 оныг Булган аймаг аялал жуулчлалын жил болгож зарласан. Үүнтэй холбоотойгоор сумынхаа “Чулуутын ам”, “Галтай” зэрэг газруудыг аялал жуулчлалын бүс болгож, орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан. Энэ жил “Галтай” амралт руу 10 км зайд 10 киловатт цахилгаан эрчим хүч татахаар аймгийн төсөвт 150 сая төгрөг суулгуулсан. ЭБЦТС компани үлдсэн 200 сая төгрөгийг гаргаж, нийтдээ 350 сая төгрөгөөр “Галтай” амралт гэрэл цахилгаантай болох юм. Дараа жилээс “Чулуутын ам” руу агаарын шугам тавих ажил үргэлжилнэ. Манай сумын газар нутагт байрладаг “Сэлэнгэ” амралтын хажууд 5 одтой зочид буудал баригдаж дуусаж байна. Энэ жил болоод цаашлаад сумынхаа аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлнэ.

Олон жил бид бүхний хүсэн хүлээсэн Эрдэнэтээс Хялганат тосгон хүртэлх 53.6 км замын тендэр зарлагдсан. Энэ зам маань тавигдчихвал зам дагаж хөгжил ирнэ гэж харж байгаа. Хангал сум доторх 2 км, Хялганат тосгон доторх 8 км хатуу хучилттай замын ажилд өнгөрсөн жил улсаас нэг тэрбум төгрөг төсөвт суугдаж, ажил нь эхэлсэн. Энэ жил хоёр тэрбум төгрөг тавигдсан байгаа. Хавраас ажил нь үргэлжилж хийгдэнэ. Орон нутагт маань тавигдаж байгаа 8 км болон 2 км зам тавих асуудалд анхаарч ажилласан УИХ-ын гишүүн Ж.Батэрдэнэ гишүүндээ баярлалаа гэдгээ энэ дашрамд дуулгая.

МОД ҮРЖҮҮЛЭГИЙН ГАЗАР АЖИЛЛУУЛАХ ИРГЭДИЙГ ДЭМЖИЖ, ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих аяны хүрээнд манай сум нэг сая 342 мянган мод тарих үүрэг хүлээн авсан. Бид 2030 он гэхэд тарьж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна. Хувийн хэвшлүүд, хувиараа хөдөлмөрлөгч иргэд, ойн ангитайгаа хамтраад ажиллана. Сая сумын хурлаар дөрвөн газарт мод үржүүлгийн газар тавьж өгсөн. Сумынхаа иргэдтэй хамтраад мод үржүүлгийн газар барина. Мөн мод үржүүлгийн газар ажиллуулах иргэдтэй хамтарч ажиллана. 

Ажлын байр дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Буурлын ар” луу жимс жимсгэнийн 2.5 га газар шийдэж, алим, хар чавга зэрэг жимснүүдийг мэргэжлийн хүмүүстэй хамтран тариалахаар төлөвлөөд байна. Дулаарахаар хашаанууд нь баригдана.

-Сумын төсөвт жижиг голуудад гүүр барих төсөв суусан харагдсан. “Эргэл хайрхан”-аас доошоогоо малчид, тариаланчдийн “өвдгийг чичрүүлдэг” хэдэн гол байна аа. Бөх бат, хэдэн жилийн ая даачих гүүрнүүд бариарай?

-Малын хөлийн татвар гэж 30 орчим сая төгрөг төвлөрсөн байгаа. “Эргэл хайрхан”-аас доош “Хөшөөтийн гол”, “Чулуутын гол”, “Шивэрийн булаг”, “Улаанбургас”-ны голууд хавар намартаа хэдэн малчны маань машин техникийг эвддэг. Энэ голууд дээр зургаан гүүр барина. “Сэвсүүлийн гол” дээр нэг гүүр барина. Цаг наашлаад, дулаараад ирэхээр малчидтайгаа хамтраад гүүрээ барина даа.

СУМЫН ГОЛ ГОЛ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ БОДЛОГООР БЭЛДЭЖ ЭХЭЛЛЭЭ

-Таны хувьд 2012-2016 онуудад сумын засаг даргаар ажиллаж байсан. Дөрвөн жил өнжөөд 2020 оноос дахин засаг даргаар ажиллаж байна. Бодож төлөвлөж байсан байсан ажлуудаа хийж чадсан уу. Таныг засаг даргаар байх үед буюу 2024 онд сумын түүхт 100 жилийн ой болно. Ой угтсан ажлууд эхэлж байна уу?

-Бодож санасан ажлуудаа хэрэгжүүлээд л явж байна. Нутгийн ах эгч нар, найз нөхөд, дүү нартайгаа хамтраад 2024 он дуусахад нэлээдгүй их ажил хийж гүйцээнэ гэсэн төлөвлөгөө байна. Түүхт 100 жилийн ойтой холбоотойгоор зарим ажлууд үндсэндээ эхэлчихсэн явж байна. Түүхэнд үлдэх ном, баримтат киноны ажлууд хийгдээд явж байгаа. Бүтээн байгуулалтын ажлууд ч хийгдэж байна.

-Хангал суманд хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтууд болон хатуу хучилттай зам тавигдах гэж байгаа нь сайхан сонсогдож байна. Зам дагаж хөгжил, бүтээн байгуулалт дагаж ажлын байр нэмэгдэх нь ашгүй. Гэхдээ сум нутаг орноо гэсэн сэтгэлтэй, тогтвортой ажиллах нутгийн хүүхдүүдийг бодлогоор дэмжиж,  сум орон нутагтаа тогтвортой ажиллуулах тал дээр анхаарч ажиллаасай. Сумын уугуул залуучууд “Цагаан сар”, “Улсын баяр наадам”-аар цөөн хоног ирээд буцдаг болж дээ?

-Их хотын хажуудах жижиг сумын зовлон энэ юм даа. Хангал сумын хувьд залуу боловсон хүчин дутагдалтай гэдэг нь үнэн. Боловсон хүчнийг бодлогоор бэлдэхгүй бол болохгүй байна. Манай тамгын газарт л гэхэд ХАА-н мэргэжилтний хоёр орон тоо, нийгмийн бодлогын мэргэжилтний нэг орон тоо байна. Бас төсвийн нягтлан алга. Манай суманд миний мэдэхээр эмнэлгийн эрхлэгч дөрөв солигдчихлоо.Сум орон нутагт боловсон хүчний асуудал хамгийн их тулгамдаж байгаа учраас бид бодлогоор Болдсайханы Эрдэнэчимэг гээд сувилагч охиныг “Этүгэн” их сургуулийн их эмчийн ангид сургаж байна. Ямартаа ч нутгийн хүүхдийг сургаж, төгсгөөд сумандаа 10 жил ажиллана, ажлаа хаяж шилжихгүй гэсэн нөхцөлтэйгээр гэрээ байгуулж, засаг даргын нөөц хөрөнгөнөөс төлбөрийн 50 хувийг нь төгстөл нь төлнө. Цаашлаад 12 дугаар анги төгсөж байгаа нутгийн хүүхдүүдээс судлаж байгаад сонгон шалгаруулж, төлбөрийг нь төлж, гэрээ байгуулан сумын гол гол мэргэжлийн боловсон хүчнүүдийг бэлдэхээр төлөвлөөд ажиллаж байна.

-Тун удахгүй хаврын эхэн сар гарлаа даа. Нутгийн зон олондоо сар шинийн мэнд дэвшүүлэх үү та?

-Үхэр жил ээлээ өгсөн сайхан жил байлаа.

Гарч байгаа Усан бар жилд Хангалчуудын хувьд ажил үйлс нь ундарсан, хөгжилд хөтөлсөн, сайхан жил болно оо.

Хангал сумын нийт иргэд, малчид хөдөлмөрчид та бүхэн минь гэр бүлийнхээ хүрээнд сар шинээ сайхан тэмдэглээрэй.

Эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсье.

Ярилцсан Ө.Булган