Connect with us

Д.Амарбаясгалан: АН-ын ахмадууд залуучууддаа зайгаа тавьж өгөөчээ

Хоёр хуваагдсан АН-ынхан хоёр нэр  дэвшигч тодруулснаас үүдсэн  дотоодын хэрүүл тэмцэл нь өдгөө өлсгөлөн болон үргэлжилж байна. Гэтэл тэд өөрсдийн энэ хэрүүлийг төрд гаргахаар эрх баригч намруу бурууг чихэж эхэлсэн учраас МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Амарбаясгалан  Н.Алтанхуяг ба өлсгөлөн зарлагсдад хандан мэдэгдэл хийлээ. Тэрбээр  “Энэ бол Монголын ард түмний асуудал биш, МАН-ын ч асуудал биш. Дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй байж төрийн сонгуульд орж өрсөлдөх  тухай ярьж байгаа нь эдгээр  эрхмүүдийг  ичгэвтэр харагдуулж байна. Дарангуйлал тогтох нь гэж  улс төр хийж байгааг  гайхаж байна.   Монгол Улс ардчилсан парламентын засаглалд шилжээд 31 дэх жилдээ орлоо. Төв Азийн цээжинд ардчилсан орон  гэж гайхагдаж яваа Монгол Улс эргээд нэг хүний болон нэг намын дарангуйлалд шилжих ямар ч боломжгүй  гэдгийг өнөөгийн залуучууд, ард иргэд маань илүү сайн ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. 2012-2016 онд АН, АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АН олонхыг бүрдүүлсэн УИХ, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар ажиллаж байсныг Монголын ард түмэн мэднэ. Тэр үеийг дарангуйллын нийгэм гэж үзэх юм уу. Уучлаарай, Н.Алтанхуяг гуай тийм   зүйл байхгүй. Ардчилсан оронд сонгуулиараа цэвэр өрсөлдөөд, ялалт байгуулаад ард иргэдээсээ мандатаа авсан улс төрийн нам бодлогоо хэрэгжүүлж, улс орноо хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхийн  төлөө явдаг юм. 30 жилийн өмнө та бүхэн талбай дээр өлсгөлөн зарлаж байсан шигээ, тэр технологиороо өнөөдөр улс төр хийнэ гэвэл худлаа. Бид ч бас жагсаж, өлсөж чадна  гэдгийг танд хэлье. АН-ын залуучуудад уриалъя. Та бүхэн минь намаа цэвэрлээчээ, АН-ын ахмадууд залуучууддаа зайгаа тавьж өгөөчээ.  Бид шинэ үеийн улс төрчид, шинэ бодлого, арга барилаар өрсөлддөг баймаар байна. Монголд өнөөдөр улс төрийн намын хөгжил, төлөвшил юу юунаас чухал байна. Энэ төлөвшлийг бий болгохын төлөө  МАН манлайлан ажиллаж байна. АН ч гэсэн хөгжиж дэвших ёстой. Залуучууд нь намынхаа эрх мэдлийг авч, шинэ түвшинд гарах  зайлшгүй шаардлага гарсан нь   сүүлийн өдрүүдэд харагдаж  байна.

Өнөөдөр ковидын нөхцөл байдал хүндрэлтэй байна. 150 гаруй иргэн маань алтан амиа алдчихаад байна. Цар тахлыг хяналтад авах, засч  залруулахын төлөө Засгийн газар чадах чинээгээрээ ажиллаж байгааг Монголын ард түмэн харж байна. 26 хоногийн хөл хориог үр дүнгүй болгох ёсгүй. Хэн нэгэн улс төрчийн эрх ашиг үүнээс дээгүүр байж болохгүй. Ард иргэд маань 26 хоног хөл хорионд байж  ард иргэдэд төдийгүй улс оронд ихээхэн хохирол учирсныг та бүхэн мэдэхийн дээдээр  мэдэж байгаа. Ерөнхийлөгч болох та бүхний хүсэл үүнээс дээгүүр байж бололхгүй. Ямар  их хэмжээний хөрөнгө хүч,чадлаа дайчлан ажиллаж байгааг хэн хүнгүй харж байна. Цагдаа, онцгой, эрүүл мэндийн салбарынхан Монголын ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө, цар тахлын эсрэг өдөр шөнөгүй ажиллаж байна. Гэтэл та бүхэн эрх мэдлийн төлөө нэг хүнийг албан тушаалд  очуулахын төлөө өлсгөлөн зарлаад хэвтэж байгаагаасаа ичээч. МАН аль ч намаас нэр дэвшээд ирсэн, хэнбугайтай ч өрсөлдөхөд бэлэн байна. Гагцхүү монгол Төрийн тэргүүнийг сонгох сонгууль эрүүл, шударга, орчин үеийн дэвшилтэт сонгууль болох учиртай. МАН үүний төлөө манлайлан ажиллана. Бид төрийн байгууллагад хүндэтгэлтэй  хандана. Монгол Улсынхаа хуулийг хүндэтгэж аижллана гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Та бүхэнд хууль, дүрэм журам хамаагүй байж болно. Гэхдээ та бүхэнд нэг ч болов монгол хүний алтан амь хамаатай шүү” гэлээ.