Connect with us

Хуульч Д.Үүрцайх: Ерөнхийлөгч цэцэд шууд нөлөөлж байна

Ирэх зургаадугаар сард болох  Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд  Х.Баттулга дахин дэвших боломжтой эсэхийг шийдэх Цэцийн дунд суудлын хуралдаан дөнгөж эхлээд хойшилжээ. Учир нь таван гишүүний бүрэлдэхүүнтэй болох тус хуралдаанд нэг гишүүн нь оролцохоос татгалзсан учраас ийнхүү хойшлуулсан байна. 

2019 онд Үндсэн хуулийг өөрчилснөөр одоогийн  Төрийн тэргүүн ба өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй гэж үзэж байгаа. Өнөө өглөөний хуралдаанд оролцсон хуульч Д.Үүрцайх энэ талаар “Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулчихлаа. Ингэхдээ бидэнд ямар ч мэдээлэл өгсөнгүй. Ц.Нанзаддорж гишүүн  хуралд оролцохоос татгалзсан  гэж ойлголоо. Хуралд оролцсон бид ямар ч мэдээлэл авч чадаагүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль хэдийнэ  Цэцийн шийдвэрийг мэдээлчихсэн байна шүү дээ. Х.Баттулга Ерөнхийлөгчийн талаас мэдээлэл тараасан гэж ойлгож байна. Тэр хүмүүс  биднээс илүү Цэцийн шийдвэрийг мэдэж байна шүү дээ. Дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнийг ч  бидэнд мэдээлсэнгүй.  Энэ нь Цэцэд шууд нөлөөлж буй нэг хэлбэр” гэлээ.