Connect with us

Сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа В.ДЖанибеков нар “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн” боллоо

Монгол хүн сансарт ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэрүүлэгчдийн  2021 оны 3 сарын 11-ны өдрийн 29,30-р тоот тогтоолоор БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа, ЗХУ-ын  2 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, сансрын  нисгэгч, хошууч генерал В.Джанибеков нарыг  “Нийслэл Улаанбаатар Хотын Хүндэт Иргэн”-ээр тус тус өргөмжилж,  хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч  М. Ганзориг, Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан, Монголын сансрын багийн гишүүн  С.Сайнцог нарыг  “Хангарди” одонгоор тус тус шагналаа.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ “Монгол улсын сансар судлалын шинжлэх ухааны үүсэл хөгжилд сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, сансрын нисгэгч В.Джанибеков нарын бүрэлдэхүүнтэй ОХУ, Монгол улсын хамтарсан анхны нислэг түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Иймд сансар судлалын шинжлэх ухааны судлагдахуунд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяа зүтгэлийг нь мөнхжүүлэх зорилгоор  монгол хүн сансарт ниссэн энэ өдөр БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, хошууч генерал Ж. Гүррагчаа, ЗХУ-ын  2 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, сансрын  нисгэгч, хошууч генерал В.Джанибеков нарыг  “Нийслэл Улаанбаатар хотын  Хүндэт Иргэн”-ээр өргөмжиллөө. Мөн Монгол хүн сансарт ниссэний түүхт 40 жилийн ой, Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тус тус тохиолдуулан Юрий Гагарины нэрэмжит сансрын нисгэгчдийг бэлтгэх сургалтын төвд нислэгийн багтай хамтран бэлтгэгдэж байсан хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч М.Ганзориг, Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан, монголын сансрын багийн гишүүн С.Сайнцог нарыг  “Хангарди” одонгоор тус тус шагнаж баатарлаг нисгэгчдийн гавьяаг алдаршуулж байна” гэдгийг онцолсон юм.

Одоогоос 40 жилийн өмнө буюу 1981 оны 3 сарын 22-ны энэ өдөр Монгол улсын иргэн, сансрын нисгэгч Ж. Гүррагчаа, Оросын Холбооны улсын иргэн, сансрын нисгэгч В.Джанибековын хамтаар Байконураас “Союз-39” хөлгөөр сансрын тойрог замд амжилттай хөөрсөн түүхэн өдөр.  Хамтарсан нислэгийн баг 7 өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, 3 сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан бөгөөд энэхүү тэмдэглэлт үйл явдлын үр дүнд Монгол улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн 5 дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, нисгэгчээ  тойрог замд ажилттай хөөргөсөн дэлхийн 10 дахь орон болж түүхэнд тэмдэглэгджээ. Ж. Гүррагчаа нь Монгол улсын анхны сансрын нисгэгч, Ази тивээс сансарт ниссэн 2 дахь нисгэгч, дэлхийн хэмжээнд сансарт ниссэн 101 дэх хүнээр  сансар судлалын түүхэнд бичигдсэн байна.