Словак улс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болж магадгүй байна

Өнгөрсөн амралтын өдөр болсон Словакын ерөнхийлөгчийн сонгуульд төрийн албанд ажиллаж байсан ямар ч туршлагагүй, байгаль орчныг хамгаалах хөдөлгөөний идэвхтэн Зузана Капутова тэргүүлжээ.

 

Тэр нийт саналын 40 хувийг авсан бол дараагийн нэр дэвшигч 19 хувьтай удаалсан байна. Нэр дэвшигчдийн хэн нь ч 50-аас дээш хувийн санал аваагүй тул гуравдугаар сарын 30-нд хоёр дахь шатны өрсөлдөөн явагдах юм.

45 настай Капутова нь парламентад суудалгүй жижиг намын төлөөлөл. Хэрвээ тэр ерөнхийлөгч болвол парламентын баталсан хуулинд хориг тавих, шүүгчдийг томилох зэрэг эрх мэдэлтэй болно.

Мөн сүүлийн үед үндсэрхэг, цагаачлалын эсрэг үзэл газар аваад байгаа Словакыг Европын Холбоо, NATO-д буцааж ойртуулах нь тодорхой байна. 

Капутоватай өрсөлдсөн Словакын нео нацист Мариан Котлеба дөнгөж 10 хувийн санал авсан юм.

Авлигатай тэмцэх уриатай гарч ирсэн Капутова 2016 онд “Ногоон Нобель” гэгддэг байгаль хамгаалагчдад олгодог Goldman Prize шагналыг хүртэж байв. Тэрээр Пезинок хотын ойролцоо хууль бусаар хорт хаягдал булшилж байгаа явдалтай тэмцэж энэхүү шагналыг хүртсэн бөгөөд “Словакын Эрин Боркович” хэмээн алдаршсан юм.

Одоо харин тэр Словакын улс төрийг авлигалаас цэвэрлэх зорилготой байна. Транспаренси Интернэйшнл байгууллага Словак улсын авлигын индексыг 57 дугаарт эрэмбэлсэн байдаг. Мөн өнгөрсөн онд албан тушаалтнуудын авлигын хэргийг эрэн сурвалжилж байсан сэтгүүлч бусдын гарт амиа алдсан нь Словакын иргэдийг бухимдуулж, олны хамарсан өргөн тэмцэл өрнөж байв.

 

Эх сурвалж: Quartz

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)