Түүнийг заавал дурсах учиртай хувь ерөөл…

 

Энэ сарын 9-ны орой Зам тээврийн яаманд /үргэлжилсэн үйлдлээр нь/ гарсан балмад  үйлдлийн уршигаар  миний сайн мэдэх нэг залуу алтан  амиа алдсан тухай түгшүүрт мэдээг аваад итгэж ядан байтал  уг хэрэг явдлын мөрөөр олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд  дуу дуугаа авалцан тус яамны газрын дарга нар архидан согтуурч нэгнийхээ аминд хүрлээ гэсэн ноцтой мэдээлэл цацсан билээ. Миний итгэж ядаж байсан нь учиртай, яагаад гэвэл тэр архины хамаарлаас дэндүү хол хөндий хүн, тэр тусмаа хэрүүл зодоон хийхээр хүн яав ч биш л дээ. Тиймээс … газрын дарга нар архидан согтуурч гэсэн нь эмзэглэхэд хүргэсэн нь тэр. Мэдээллийн эх сурвалжийг олон эгдүүцэн зэвүүцэж хүлээн авсан бол  улс төрийн зарим хүчин эрхэлсэн сайдаас нь улс төрийн хариуцлага тооцохыг шаардаж хоёр ч удаа мэдэгдэл хийж харагдана лээ. Нийгэмийн эдгээр байр сууриуд нь хүн амьны онц ноцтой дээрх гэмт хэргийн мөрдөлтийн ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх үйл явцад нөлөө үзүүлж,  хэргийн бодит үнэнийг тогтооход битгий л саад болоосой билээ.

Гэмт хэргийг мэргэжлийн байгуулага шалгаж тогтооход нь  гадны аливаа хэлбэрийн энэ мэт нөлөөллөөс ангид байлгахгүй бол үр дагавар нь юунд хүргэдгийг  Зориг агсны гэх дуулиант хэрэг тодорхой харуулсаныг бид мартах учиргүй.  Харамсалтай нь гэмт хэргийг шалгах ажиллагаа, талийгаачийг эцсийн замд үдэх, түүнтэй  салах ёс үйлдэхтэй цаг хугацааны хувьд яг давхцаж буй энэ өдрүүдэд  нэг талыг барьсан хэвлэлийн ташаа мэдээ, мэдээлэл гарч байгааг анзааралгүй орхиж боломгүй санагдаад  талийгаачийг эцсийн замд гаргахаас нь өмнө амжиж нэг удаа дурсах бодол сэтгэлд минь буулаа. Уучлаарай…

Талийгаачийгаа даргын ёсоор, ахын ёсор, хүний ёсоор дурсан санах учиртай хүний нэг нь би байх.  Тэр тусмаа энэ их уй гашуу, хагацал харууслын үеэр нулимс унагаж гашуудлаа тайлмааргүй байна, ариун сүнснийх нь зам мөрд мөндөр асгаж саад хийлгүй, ачийг санаж өөрт минь хийгээд өрөөлд чи чухам хэн байв, өнчирж хоцорсон хань, алаг үрс, анд найз, эцэг эхдээ юу үлдээгээд буцав даа гэдэг харууссан сэтгэлээр зул өргөж замд чинь гэрэл асаая даа.

2003 онд 20 дөнгөж гарч яваа, гал цог нь бадарч, инээмсэглэл тодорсон төрхөөрөө бусдыг татах увидастай ийм л царай зүс, дүр төрх чинь одоо ч харагдсаар байна. Тэр жил Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурлын жил байсан.  Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөл гэх их айлаас ээлжит Их хурлынхаа төлөөлөгчөөр сонгогдоно гэдэг өмгөөлөгчдийн хувьд ёстой л нэр төрийн хэрэг байлаа.  Яг ийм хурлын үед бодлоо чөлөөтэй илэрхийлж, өөртөө итгэлтэй байдлаар “Би саяхан шинээр өмгөөллийн эрх авсан залуу хуульч байна. Надад энд таних нэг ч хүн байхгүй, нийслэлийн зөвлөлд ирээд удаагүй. Тийм болохоор олны санал авч, Их хурлын төлөөлөгч болж үзэх юмсан гэсэн мөрөөдөл маань бүтэхгүй нь ойлгомжтой байна ерөнхийлөгч өө!. Их хурлын төлөөлөгч болж, залуу өмгөөлөгчдөө төлөөлөх, тэдний дуу хоолой болох боломж олгохыг хүсье” гэж зоригтой, шулууханаар санаагаа хэлж байсан нь миний анхаарлыг онцгой татаж билээ.   Саналыг нь дэмжихээс аргагүй байдал үүсч, түүнийг би Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлж, тэр маань өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан тэр богино түүх хожим бидний хамтдаа бүтээх их үйлсийн эхлэл нь байж дээ.  Эрх зүйн шинэтгэл ид эрчээ авч, хууль зүйн салбарт бугшсан урам хугармаар хүнд суртал, бусармаг хэвшил хандлагыг өөрчлөх нийгмийн сэтгэлгээг тээж,  ирээдүйгээ өөдрөгөөр харан өөрчилж шинэчлэх сэтгэл өвөрлөсөн олон арван шинэ залуу хуульч өмгөөлөгчдийн эгнээнд түрлэг нэмэн орж ирсэний нэг нь талийгаач Т.Гомбосүрэн маань байлаа. Олон арван үйл хэрэг, өмгөөлөгчдийн бүсийн сургалт семинар, нийтийн эрх ашгийг хамгаалах сайн дурын хороог ахлах, урлаг соёлын арга хэмжээ, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гээд нилдээдгүй ажлыг нугалхад мөн ч их сэтгэлтэйгээ харуулсан итгэл хүлээсэн хамтран зүтгэгчдийн маань нэг байж ээ чи.  Энэ ховоод үдлээд буцах хугацаа чинь ийм ахар байсныг чинь мэдсэн бол хүнд уурлаж чаддаггүй, дайсан нөхөр хоёрыг ялгаж ханддаггүй сул талыг чинь амжиж нэг сануулах минь яав даа гэж  харамсаж сууна муу дарга чинь…

Талийгаач маань насаар 20 илүү давсан дүү л дээ надаас. Миний ажил амьдралын нөхөрлөлд ахмад буурлууд, залуу үеийхэнтэй илүү ойлголцож, дотонсож нөхөрлдөг араншин магадгүй дийлэнх орон зайг ч эзэлдэг байж магадгүй. Ахмад хүнтэй яриа дэлгэн суухад  даанч сайхан, өнгөрсөн цаг руу, тэдний үеийн цаг хугацаагаар аялж, ухаан суухад минь ачтай байдаг бол харин залуу үеийхэн надад ирээдүйгээ төсөөлөхөд тусалдаг  эрчим минь юм шиг санагдаг. Энэ л зарчмаар надад илгээгдсэн сайн залуусын маань нэг нь талийгаач маань байж дээ. Түүний хэнийг ч ялгаагүй хүндэлж харьцдаг, нөхөрлөдөө үнэнч, тусч элгэмсэг зан чанар нь онцгой байсныг дурсан санаж  байна. Энэ хорвоод төөрөлдсөөөр төрлөө олов уу гэлтэй ах дүүгийн жинхэнэ ёсыг Г.Золжаргал Та хоёроор би сайн мэднэ. Дүү гэдэг ямар байх ёстой, хүн байхын мөс чанарын дээдийг үзүүлээд чи буцлаа даа. Хүн хүнээ хайрлах, ач тусын тухай, ачлалыг хариулах мэдрэмжээрээ чи ямагт дурсагдах  болно.

Чи бол хайрын дээд хань байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ ард чинь ой 7 сартай хүү чинь даанч балчир үлдлээ дээ. 0.7-16 насны 4 сайхан  хүүхэд чинь эцгийнхээ тухай хожим мэдэхийн цагт тэдний эцэг архи ууж согтуурч яваад амь насаа алдаж, балчир бага насанд нь өнчрөл хагацлыг амсуулсан гэхвий гэдгээс эмээж, харин та нарын эцэг Төр, хүн ардынхаа  төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, олны итгэл хүлээсэн сайн хүн байсан гэдгийг гэрчлэх хүн чанарын чинь тухай миний сэтгэлд үлдсэн гэгээн дүр, зан төрхийг чинь дурсан санаж, ийн дурсаж сууна. Чи бол эцэг эх, элгэн садан, эх нутагтаа бахархалыг үлдээгээд буцлаа.  Чиний энэ хорвоод туулсан  зам мөр, бүтээсэн үйлийг чинь бурхан таалж, үлдэж хоцорсон хань, үр хүүхэд, садан төрөл, эцэг эхэд чинь буян болж хурах болно гэдэгт огт эргэлзэхгүй байна.

Алтан дэлхийнхээ ариун хөрсөнд үүрд амар тайван нойрс доо.

Ариун сүнс чинь амирлангуйн хутгийг олж,  сайн төрлийг олоорой

 

УМ САЙН АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ

 

Мэхийн ёсолсон

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч асан,

Банзрагчийн Пүрэвням

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)