М.Тамир: Миний хоёр хүүгийн цогцос нэг нэгийгээ тас тэвэрсэн чигтээ хөшсөн байсан

“Мон-Уран”-ы хэмээн ал­дарш­сан УИХ-ын гишүүн Б.Наранхүү Монголдоо хам­гийн томд тооцогдох “Дүнжингарав” худалдааны төвийг Улаанбаатар хотын цэвэр усны ундарга бүхий газарт бариад дөрвөн жилийн хугацаа өнгөрлөө.

Худалдааны төв байрлаж буй тухайн газар “Дүнжингарав” ХХК-ийн эзэмшилд байдаг. Түүгээр ч үл барам “Дүнжин­гарав” худалдааны төвөөс эхлээд “Амгалан” өртөө хүртэл зам дагуух ихэнх газар Б.Наранхүү гишүүний мэдлийнх гэдгийг эх сурвалжууд тодотгож буй юм. Нийслэлийн газрын алба­наас 2015 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн захирам­жаар энэ бүх газрыг таван жилийн хугацаатайгаар “Дүн­жингарав” ХХК-д эзэм­шүүлсэн аж.

Эзэмших эрхийн хугацаа нь 2020 онд дуусгавар болно гэдгийг Нийслэлийн газрын албаны эх сурвалж хэлж байлаа. Гэтэл тус худалдааны төвийн эзэмшлийн газар дахь хайрганы карьерын ухсан нүхэнд тогтсон нууранд гурван ч хүүхэд эндээд байна. Энэ тогтоол усанд төрсөн хоёр хүүгээ алдсан хохирогч М.Тамиртай уулзлаа.

-Уучлаарай. Би танаас энэ талаар асуух гэхээр зүрхшээгээд байх юм. Тэр өдөр юу болсон талаар ярьж болох уу?

-Тухайн үед буюу 2016 онд би Солонгост хараар ажилладаг байв. Долдугаар сарын 29-ний шөнө 01.00 цагийн үед эхнэр залгаад, “Хоёр хүүхэд маань живчихлээ” гэж уйлан ярьсан. Тэрхэн зуурт би итгэж чадаагүй. Эхнэртээ “Чи юу солиороод байгаа юм бэ” гээд итгэж ядан асуусан чинь “Хүүхдүүд Амгалангийн урд талд байдаг карьерт живээд нас барчихжээ. Онцгой байдал, цагдаагийнхан ир­чихсэн байна. Би яахаа мэдэхгүй байна” гэж ярьсан. Тэр өдөр эхнэр ажил дээрээ ээлжтэй байж таараад, манай эмээ хүүхдүүдийг маань харж байсан юм билээ.

Эмээгийнх тэр карьерын хойно байдаг байсан. Гэтэл эмээ өдөр 12.00 цагаас хойш хүүхдүүдийг маань хайгаад олоогүй тул дүү нар хайж, бүрэнхий болж байхад карьерын тогтоол усны дэргэд эвхсэн хувцас нь байхыг олсон гэсэн. Тэгээд л Онцгой байдал, цагдаагийнхныг дуудсан гэсэн. Тэд ирээд тусгай зориулалтын төхөөрөмжөөр шалгаж үзээд, цогцсыг нь олж гаргасан юм билээ. Ах нь ингэж л хоёр хүүгээ эндсэнийг мэдсэн.

-Тэгээд шууд л Монгол руугаа ирсэн үү?

-Хүүхдүүдээ алдсан гэдгийг сонссоноос хойш хоёр хоногийн дараа Монголдоо ирсэн. Тэр мэдээг шөнө сонсоод, үнэнийг хэлэхэд үхмээр л санагдаж байлаа. Хүний нутагт ганцаараа, хамаатан садан ч байгаагүй. Ойр хавьд монгол хүн ч байсангүй. Хоёр хоног яахаа ч мэдэхгүй, уйлаад л. Хамгийн түрүүнд эхнэрийнхээ сэтгэлийг нь тайтгаруулах хэрэгтэй гэж бодож байлаа. Гэхдээ тэр үед харлачихсан байсан учраас ирэх гэж нэлээд л юм болсон.

-Хүүхдүүдийн цогцост задлан шинжилгээ хийлгэсэн үү?

-Ирснийхээ дараа яах ёстой, хаана хандах хэрэгтэй вэ гэдгээ асуухаар цагдаагийн газарт очиж, хариуцсан байцаагчтай нь уулзсан. Тэгэхэд байцаагч нь “Хоёр хүүхэд усанд осолдсон байдалтай олдсон. Шүүх эмнэлэгт задлан шинжилгээнд орно. Задлан шинжилгээгээр ямар дүгнэлт гарахаас шалтгаалж, хэргийг үргэлжлүүлэн шалгах эсэхийг шийднэ” гэсэн. Прокурорт хүсэлт гаргаад задлан шинжилгээнд оруулахгүй байж болох юм билээ. Гэхдээ гадны нөлөөтэй ч юм бил үү гээд сэтгэлд сэвтэй санагдсан учраас задлан шинжилгээ хийлгэхээр шийдсэн.

-Задлан шинжилгээний хариу нь юу гэж гарсан бэ?

-Хариу нь нэг хоногийн дараа гарсан. “Гадны нөлөө байхгүй, уушги нь усаар дүүрснээс нас барсан” л гэсэн утгатай юм эмч нар хэлж байсан санагдана. Тэр үедээ сайн тайлбарлуулж авсан ч, сэтгэл санаа тогтворгүй байсан болохоор одоо тодорхой санахгүй байна. Хамгийн харамсалтай нь, миний хоёр хүүгийн цогцос нэг нэгнийгээ тас тэвэрсэн чигтээ хөшсөн байдалтайгаар гарч ирсэн гэсэн. Цагдаагийнхан хоёуланг нь салгаад зургийг нь дардаг юм билээ. Би зургийг нь харсан.

-Хүүхдүүдийнхээ цогцсыг та харсан уу?

-Шүүх эмнэлэгт бараг 10-аад хоносных дараа оршуулсан. Жил нь өөр болохоор хамтад нь гаргахад өдөр нь таарч өгдөггүй. Ажил явдал нь болохоос хоёр хоногийн өмнө эхнэртэйгээ хамт шүүх эмнэлэгт очиж, цогцсыг нь харсан. Унтаж байгаа ч юм шиг. Тэврээд, зөндөө л уйлсан.

-Тэгээд хэргийг нь хаачихсан гэл үү?

-Цагдаагаас дуудаад “Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Усанд живсэн, гадны нөлөө байхгүй учраас золгүй осол гэж үзээд хэргийг хаалаа” гэсэн. Тухайн үед яах учраа олохгүй, хоёр хүүхдийнхээ ясыг өндөлзүүлээд яах вэ гээд хэргийг орхисон. Гэхдээ цагдаагаас “Хэргийг хааж байгаа юм бол энэ газар аль дүүргийн, аль хороонд харьяалагддаг, хэнийх юм бэ. Тэр газарт арга хэмжээ авч өгөөч, яаралтай булж өгөөч” гэж гуйсан. Харин цагдаагийнхан “Бид хэн буруутай вэ гэдгийг тогтоодог байгууллага болохоос биш газрын албаны байгууллага биш. Гэхдээ газар хаана харьяалагддагийг тогтоож, албан бичиг өгнө” гэсэн. Ингээд л цагдаатай асуудал дууссан. Дараа нь дүүрэгт ч өргөдөл гаргасан.

-Таны өргөдлийн агуулга нь юу байсан бэ. Тодорхой хэлж өгч болох уу?

-Хүүхдүүд минь нас барснаас хойш яг нэг сарын дараа дүүрэгт өргөдөл гаргасан. “Миний хоёр хүү хайрганы карьерын тогтоол усанд живээд нас барчихлаа. Өмнө нь ч гэсэн энэ газарт хүмүүс эндэж байсан. Цаашдаа олон хүүхэд эндэх магадлалтай учраас яаралтай булж, хашаа хамгаалалт хийж өгнө үү” гэсэн өргөдөл өгсөн. Онцгой байдлын газарт ч очсон. Тэдний хувьд дүүргийн тохижилт үйлчилгээний газар нь янзлах ёстой л гэсэн хариу өгдөг юм билээ. Тэгээд булчих байх гэж бодож байтал байдаггүй. Сар гаруйн хугацаа өнгөрлөө. Тэгэхээр нь “Миний өргөдөл юу болсон бэ. Тэр газрыг яагаад янзлахгүй, хаалт хийхгүй байгаа юм бэ” гээд дахиад очсон чинь “Энэ газрыг булна. Булахад карьерын нуурын гүн, өргөнийг судалж, хэдэн метр куб шороо орох вэ гэдгээ судлах шаардлагатай. Төсөв мөнгийг нь гаргаж байж янзалдаг юм. Тэр нь гараагүй байна” гэсэн. Дахиад сар сураггүй.

-Та дахиад дүүрэг рүү очсон уу?

-Тийм ээ, сарын дараа дахиж очсон чинь “Газрыг чинь үзэж, хэмжилт хийлээ. Гүн нь тэд, тийм хэмжээний шороо орох юм байна, ийм техник хэрэгсэл ашиглахад 60-70 сая төгрөгийн төсөв гарлаа. Төсвөө батлуулах гээд л удаад байна” гэдэг юм даа. Тэр тогтоол усных нь хажууд бэлэн овоолсон шороо байхад шүү дээ. “Тэнд нь овоолсон шороо нь байгаа. Нэг бульдозер авчраад л түрчихэд болох ажлыг яагаад улстөржүүлээд заваараад байгаа юм бэ” гэж би зөндөө учирласан. Гэвч “ингэхгүй бол болдоггүй” гэж дүүргийн тохижилт үйлчилгээний газрын хүн хэлж байна билээ. Өвөл болохоор ус нь багасчихдаг, тэр үед нь булахад амар гэж хэчнээн хэлээд миний үгийг тоогоогүй, тэгсхийгээд л хаясан. Тохижилт үйлчилгээний компанийнхан ямар нэг асуудал гарлаа гэхэд түүнээс яаж өндөр төсөв гаргаж, хэдэн төгрөг унагах вэ гэдгээ л боддог юм шиг санагдсан. Түүнээс биш миний хоёр хүүхдийн үхэл тэдэнд хамаагүй. Би тэр үед “Дүнжингарав” худалдааны төвийн газар гэдгийг мэдээгүй байсан юм.

-Та хэзээ Дүнжингаравын газар болохыг нь мэдсэн юм бэ?

-Тохижилт үйлчилгээний газрын хүнтэй очиж уулзсанаас хойш дүүргээс хариу ирэхгүй байсаар өнгөрсөн хавартай золгосон. Асуудал яаж шийдэгдэж байгаа юм бол гээд дахиад сураглаад очтол “Наадах чинь том хүний газар болж таарсан. Бид янзалж чадахгүй байна” гэдэг байгаа. Хэнийх юм гэхээр нэрийг нь хэлэхгүй байсан. Гагцхүү “Хувийн эзэмшлийн газар учраас дүүргээс төсөв гаргаж янзлах боломжгүй байна. Холбогдох эзэнд нь албан бичиг өгнө” гэсэн л хариу өгсөн. Би нийслэлийн шуурхай утас руу ч мэдээлэл өгсөн байсан. Тэрний хариу ч ирэхгүй байсаар өнгөрсөн тавдугаар сард “Өргөдлийнхөө хариуг ирж авна уу” гэсэн мессеж ирлээ. Тэгээд очтол “Бид Дүнжингарав худалдааны төвд олон удаа албан мэдэгдэл өгсөн. Тэр дагуу арга хэмжээ авах болно” гэсэн. Ингээд л болоо. Асуудлыг ингээд л хаячихсан.

-Гэтэл энэ жил тэр газарт дахиад хүүхэд эндсэн шүү дээ?

-Тийм ээ, өнгөрсөн зургадугаар сарын 2-нд манай эмээ утсаар яриад “Энд дахиад хүүхэд эндчихлээ” гэж хэлсэн. Эмээгийн тэр хавьд л байдаг айл юм билээ. Би тэр айлд нь очсон. Гурван хүүхэдтэй айл байсан, хоёр хүүхэд нь тоглож байгаад эгч нь живж эндсэн, харин золоор дүү нь амьд үлдсэн юм билээ. Тэр газрыг өмнө нь хайрга олборлох гэж ухаад, дороосоо ундаргатай болохоор нь хаяад явчихсан. Ус нь ундарсаар нуур шиг болсон байхгүй юу. Ийм байхад нь л “Дүнжингарав” худалдааны төв авсан юм билээ. Тэр хэргийн дараа дахиад л дүүрэг рүү ярьсан.

-Дүүргээс ямар хариу өгсөн бэ?

-Хамгийн муухай нь “Тэр газрыг яагаад янзлахгүй байгаа юм бэ. Ахиад хүүхэд эндчихлээ” гээд ярихад “Таны өргөдөл байхгүй байна. Өргөдөл чинь хаашаа орсныг мэдэхгүй” гэж хэлсэн. Би өөрөө бульдозер авчраад дарчихъя гэхэд дүүргийнхэн өмнөөс мөнгө яриад байсанд нь дургүй хүрээд байдаг юм. Юуных нь 50-60 сая байх вэ дээ. Тэр муу газрыг булаад хаячихсан байсан бол дахиад хүүхдийн амь хохирохгүй л байсан. Би үйлтэйдээ хоёр хүүгээ алдаа л биз. Гэтэл дахиад нэг айлын жаахан охин нас барчихаар чинь харамсаад байх юм байна шүү дээ.

-“Дүнжингарав”-ын талаас холбоо барьж, уучлалт гуйсан зүйл байгаа юу?

-Тийм зүйл байхгүй. Эцсийн эцэст, Б.Наранхүү гэдэг хүн өөрөө ч мэдээгүй байсан байж магадгүй.

-Та битгий эмзэглээрэй. Хоёр хүү чинь цаг бусаар эндсэнд хэнийг буруутгадаг вэ?

-Эхний ээлжинд өөрийгөө л буруутгаж байна. Таван цаасны төлөө Солонгос яваагүй бол миний хоёр хүү аавтайгаа эсэн мэнд байх ч байсан юм бил үү. Гэхдээ овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ дээ гэдэг шиг тэр газрыг янзалчихсан байсан бол миний хоёр хүү живж амь насаа алдаа ч уу, үгүй ч үү. Хүмүүсийн дам ярианаас сонсч байхад тухайн үед 4-5 хүүхэд тэнд тоглож байсан юм билээ. Бага нь ус руу орсны дараа, том нь дүүгээ аврах гэж орсон гэсэн. Тэр явдлаас хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн ч тэр талаар дурсахдаа би одоо ч айдаг.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Таны хөвгүүд ямархуу зан төлөвтэй хүүхдүүд байв?

-Том хүү минь 14 дүгээр сургуульд сурч байсан. Бага нь цэцэрлэгт. Амьд мэнд байсан бол энэ жил нэгдүгээр ангид орох байлаа. Хоёулаа их нийтэч. Ямар ч хүүхэдтэй дотно харилцаж, хэний ч арга эвийг олчихдог байсан. Ажил явдал дээр том хүүгийн ангийн хүүхдүүд ирсэн юм. Тэдний яриаг сонсож байхад ангийнхаа хүүхдүүдэд байнга л тусалдаг байсан юм билээ. Алтан савыг нь нээлгэхэд, их л мундаг хүн болох ёстой байж, түүнийгээ өөрөө ч мэдэрсэн хүүхэд байжээ гэсэн.

-Хүнд үр хүүхдээ алдах шиг хэцүү зовлон байхгүй. Танд эмгэнэл илэрхийлье?

-Хүүхдүүдтэйгээ уулзахгүй байж байгаад, хоёуланг нь нэг дор алдсандаа л харамсаж байна. Эцэг эх, эмээ өвөөг алдахад хорвоогийн жам юм даа гэж бодох. Гэтэл зүгээр тоглоод гүйж явсан хоёр хүүхэд гэнэт байхгүй болох, үр хүүхдээ алдахын зовлон гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй хэцүү байдаг юм байна. Надад ийм байхад, ээжид нь ямар хэцүү байх нь ойлгомжтой. Тиймээс би эхнэрийнхээ дэргэд уйлахыг хүсдэггүй. Хааяа хамт байхдаа сэтгэлийг нь жаахан ч гэсэн онгойлгохын тулд уйлчихдаг юм. Хүүхдүүдээ алдсанаас хойш би бараг хоёр сар уусан. Уусан архиндаа хөлчүүрхэж ханийгаа, настай эмээгээ буруутгаад л. Одоо бодоход тэд ямар ус руу аваачаад хийчихсэн ч биш дээ. Тэр үед хэлсэн болчимгүй үгэндээ харамсдаг юм. Архи уух тусам зовлонгоо бодож, улам л шаналах юм билээ. Хамгийн сүүлд ярьж, захиж байсан зүйлүүд нь байнга л бодогддог. Одоо ч гэртээ ганцаараа унтаж чаддаггүй.

-Та хэзээ Солонгос явсан юм бэ. Солонгосоос байнга утсаар ярьдаг байсан уу?

-Ах нь 2014 онд Солонгос руу эхнэртэйгээ хамт явсан юм. Тэгээд би харлаж үлдээд, эхнэр буцаж ирсэн хэрэг л дээ. Тэгэхэд хоёр хүү минь аав, ээжийгээ гаргаж өгч билээ. Том нь учир мэдэх юм болохоороо уйлж байсан нь санаанаас ер гардаггүй юм. Тэр үед үнссэнээс хойш дахиж үнсэж чадалгүй явуулчихсан. Солонгост очсоны дараа байнга л ярьдаг байлаа. “Хөөе, аав хэзээ ирэх юм бэ” гээд л загнана. Цаг хугацааг ухраачихдаг бол тэр өдрөөс нэг хоног, эсвэл хэдэн цагийн өмнө хоёр хүү дээрээ очмоор байна. Хамгийн өрөвдөлтэй нь, миний Солонгосоос өгч явуулсан зүйлс яг өмнөх өдөр нь ирсэн юм. Би томдоо хөлбөмбөгийн шпи явуулсан чинь ээжтэйгээ дэлгүүр ороод хаалгачийн бээлий авахуулсан байсан. Тэгсэн дүү нь “надаа юу ч авч өгөөгүй” гэж гомдоллоод ээжээрээ ролик авхуулсан байж билээ. Орой нь аавтайгаа ярихдаа нөгөө хоёр чинь нэг нь роликоо, нөгөө нь бээлийгээ өмсчихсөн “Одоо авхуулах юм байхгүй ээ, аав аа. Хүү нь хичээлээ сайн хийнэ ээ” гээд л. Сүүлд нь бодоод байхад хүсч байсан зүйлээ аваад явж дээ гэж бодсон доо.

Ийн хэлээд тэрбээр эхэр татан уйлав. Эр хүний нулимс ямар гашуун байсан гэж санана. Цааш нь ямар ч асуулт асууж зүрхэлсэнгүй, асуух эрх ч байсангүй. Тэрхэн мөчид яагаад ч юм өөрийнхөө хүүхдүүдийг жигтэйхэн үгүйлж, гэрийн зүг яаран алхлаа. Хэлж биш, хийсч ирдэг зовлон та бидний хэнд ч тохиолдож болно. Гэвч хэн нэгэн эрх мэдэлтэн, хөрөнгө мөнгөтний буруугаас болж гэмгүй хүүхдүүд дутуухан амьдралаар хорвоогоос явж, ээж аавууд гашуун нулимстай л үлдмээргүй байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)