Connect with us

Төв аймгийн Ардчилсан намын ХЭГ-ын дарга халагдах өргөдлөө өгчээ

Улсын Их хурлын сонгууль хэдхэн хоногийн дараа болно. Ийм үед улс төрийн намууд эвлэлдэн нэгдэж, атгасан гар шиг ажлаа жигдрүүлсэн байх ёстой цаг үе. Гэтэл Ардчилсан нам дээрээ суудлаа олохгүй тэмцэлдэж, хэмлэлдэж байхтай зэрэгцэн доороо ч гүйдлээ олохгүй тарж бутрах дээрээ тулж, зүтгэдэг залуус нь намаасаа нүүр бууруулж эхэлжээ.

Ганцхан жишээ хэлэхэд Төв аймгийн Ардчилсан намын даргаар С.Эрдэнэ даргын гарын хүн гэгдэх Л.Төмөрчөдөр гэх залуу ажилладаг бөгөөд тэрээр журмын нөхдөө хөсөр хаяж, өөрийн тойрон хүрээлэгчиддээ давуу эрх олгох,  зүтгэсэн хүмүүсээ үл ойшоох асуудлуудыг удаа дараа гаргаж хувийн компанийн захирал мэт аашлах болсон нь намынхныхаа дургүйцлийг төрүүлж олон хүнийг нүүр буруулахад хүрчээ.

Баянгол дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч, С.Эрдэнийн ойрын хүн гэдэгтээ эрдсэн түүний ааш аяг хэрээс хэтэрснээр ХЭГ-ын залуус нь тэвчиж чадалгүй ажлаа өгцгөөсөн бол өчигдөр жил гаруй хугацаанд хамтран ажиллаж намын гал тогоог нь базаж явсан ХЭГ-ын дарга С.Ундрахбаяр нь хамтарч ажиллаж чадахгүйгээ мэдэгдэн халагдах өргөдлөө өгчээ. Тэрээр өргөдөлдөө намын эв нэгдлийг сахиж атгасан гар шиг нэг баг хамт олны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн боловч намд болж буй удирдлагын асуудал болон талцал, ялгаварлал, үл ойшоолт, аймаг дахь ардчилалгүй ардчилалыг цаашид хамгаалж явах боломжгүй болсоноо мэдэгдэн өргөдлөө өгч буйгаа дурдсан байна.

ХЭГ нь бутарч дарга нь өргөдлөө өгсөн, нам дотрох ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх үнэт зүйлс алдагдсан нь гишүүдийн итгэл сэтгэлийг үнэгүйдүүлсэн явдал боллоо гэж үзэж буйгаа сумдын намын дарга нар илэрхийлж байгаа бөгөөд энэ асуудлаас болж өнгөрсөн дөрөвдөхөд хуралдах ёстой байсан намын хурал түр хугацаагаар хойшлоод байгаа аж. 

Төв аймгийн Ардчилсан нам нь эв түнжинтэй, атгасан гар шиг зангидагдаж явахдаа 2012 онд аймагтаа ялалт байгуулж, аймгийнхаа удирдлагыг авч байсан. Энэ үед Төв аймгийн Ардчилсан намын даргаар Д.Доржпүрэв ажиллаж байв. Тэрээр мөн л намаасаа жийгдэж, өнөөдөр бие дааж дэвшихээр хүсэлтээ өгөөд байгаа билээ. Төв аймгийн Ардчилсан намыг өнөөдөр Баянгол дүүргийнхэн буюу С.Эрдэнийн хүмүүс эзэлчихээд байгаа гэж хэлэх шалтгаан нь  Төв аймгийн Ардчилсан намын дарга нь Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Төв аймагт нэр дэвшихээр горилогч Эрдэнэсувд мөн л Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Х.Тэмүүжин нь Баянгол дүүргээс УИХ-д сонгогдож байсан ч өнөөдөр дүүрэгтээ нэр дэвших нүүргүй болсон нэгэн. Харин Ц.Тувааны хувьд С.Эрдэнийн сонгуулийн ерөнхий менежереер ажиллаж байгаад АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болж дэвшсэн залуу юм. Ийнхүү С.Эрдэнэ гэдэг хүн Төв аймгийн АН-ыг самарч, арга эвээр эвлэлдүүлэхийн оронд муудалцуулж, талцуулж, тараан бутаргаж байгаагийн нэг жишээ нь Төв аймгийн АН-ын ХЭГ-ын дарга нь өргөдлөө өгч, хамтран ажиллаж байсан баг нь тарсанаас харж болох юм.