Connect with us

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 97 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны анхны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийслэлд хамаарах зорилт арга хэмжээний хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг хэлэлцэж, иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 2021 оны тайлантай танилцлаа.  

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, хөрөнгө оруулалтын хөтөлбөрт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцан хэрэгжүүлэх таван зорилтын 44 арга хэмжээ багтсан байна. Зорилт арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил өнгөрсөн 2021 онд 93.4 хувиар биелсэн байна. Энэ нь өмнөх оны жилийн эцсийн дундаж үнэлгээтэй харьцуулахад 9.1 хувиар өссөн дүн юм. Хэрэгжилтэд хийсэн шинжилгээ дүгнэлтэд Ковид-19 цар тахлын эрсдэлээс шалтгаалан хэрэгжиж амжаагүй нэг асуудал байгаа бол удирдлага зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай нэг арга хэмжээ байгааг дурджээ. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд асуудлыг хэлэлцэн хурлын тэмдэглэл гаргалаа. Тэмдэглэлд , Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2021 онд  иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа. Өнгөрсөн 2021 онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 53031 өргөдөл гомдол гаргасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 7.3 хувиар буурсан байна. Иргэдийн өргөдөл гомдлын  97 хувь нь шийдвэрлэгдэж, үлдсэн гурван хувь нь судлагдах шатандаа байгааг НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулсан. Иргэдийн өргөдөл гомдлыг 11 эх үүсвэрээр авч хариуг  утсаар шууд холбогдон /52.3 хувь/, мессежээр /30.7 хувь/, албан бичгээр /17 хувь/ өгсөн байна. Нийт гаргасан өргөдөл гомдлын 68 хувийг иргэний хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн байна.

Иргэдээс барилгын техникийн хяналт, зөвшөөрөл, норм, стандартын хэрэгжилттэй холбоотой өргөдөл гомдол хамгийн олон ирсэн бол нийтийн эзэмшлийн гудамж талбай, ТҮЦ, ил задгай худалдаа, хог тээвэрлэлт СӨХ-ийн үйл ажиллагаатай холбоотой гомдол санал удаалжээ. Иргэдийн өргөдөл гомдол шийдвэрлэлтэд нийслэлийн харьяа газар, алба агентлагийн албан тушаалтнууд хариуцлагатай хандаж, бүх  талаас нь нягтлан, хууль зүйн үндэслэлтэй нэг мөр эцэслэн шийдвэрлэсэн хариуг хугацаанд багтааж өгөх үүргийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС