Connect with us

“Ногоон барилга, түүний үнэлгээ системүүд” танилцуулах сургалтыг Баянхошуу дэд төвөөс эхлүүллээ

НЗДТГ болон “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ, Олон улсын санхүүгийн корпораци хамтран “Ногоон барилга, түүний үнэлгээний системүүд, EDGE ногоон барилгын програм хангамж, стандарт, үнэлгээний систем” сургалт, уулзалтыг Баянхошуу бизнес инкубатор сургалт, үйлдвэрлэлийн төвд өнөөдөр зохион байгуулж байна. Тус уулзалт, сургалт нь барилгын салбарынхны мэдлэг чадавх болон барилгын эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, ногоон барилгын үнэлгээний системүүд болон тэр дундаа "EDGE" -ийн талаарх мэдлэгийг түгээх зорилготой юм.

Сургалтын талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатартай ярилцлаа. 

-Өнөөдрийн сургалтын онцлог юу вэ. Ногоон барилга, ногоон орон сууцны стандартын талаар уншигчдад танилцуулна уу?

-Ногоон барилга, орон сууцны стандарт, үнэлгээ одоогоор манай улсад хараахан гараагүй байгаа юм. Гэсэн хэдий ч НЗДТГ-аас санаачлан ногоон  барилга, ногоон орон сууцны талаарх ойлголтыг аж ахуйн нэгэж компаниудын хүрээнд төлөвшүүлэх сургалтыг анх удаа зохион байгуулж байна. НЗДТГ, Азийн хөгжлийн банктай хамтран “Ногоон орон сууц” төслийг хэрэгжүүлж, олон улсын EDGE стандартыг нутагшуулахаар зорьж байна.  Барилга, орон сууц барьж бүтээн байгуулалтад оролцож буй компанийнхан, инженер техникийн ажилтнууд нь ногоон барилгын талаарх ойлголттой болж байж “Ногоон орон сууц” төслийг амжилттай хэрэгжүүлнэ. Тиймээс бид Сонгинохайрхан дүүрэгт бүтээн байгуулалтад оролцож буй 60 гаруй аж ахуйн нэгжийн ажилтнуудыг хамруулан өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна. Загвар орон сууцнууд ирэх оноос Баянхошуу дэд төвд баригдаж эхэлнэ. 

-“Ногоон орон сууц” нь бусад орон сууцны хөтөлбөрөөс юугаараа давуу талтай вэ?

-“Ногоон барилга”, “Ногоон орон сууц” барих нь иргэдэд ямар нөлөөтэй вэ гэдгийг ойлгомжтой байдлаар тайлбарлавал, хэрэглээний зардал буурна, барилгын насжилт уртасна, чанар сайжирна, амьдрахад таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэхчилэн олон эерэг сайн тал бий. Төвийн зургаан дүүрэг дотроос хамгийн цөөн орон сууц баригдаж буй нь Сонгинохайрхан дүүрэг. Тиймээс Баняхошуу дэд төвөөс “Ногоон орон сууц” төслөө хэрэгжүүлж, 1000 айлын орон сууц барихаар сонгосон. Ногоон орон сууцнууд нь иргэдийн орлогод нийцсэн гэдгээрээ онцлогтой. Мөн худалдааны төвүүдийг хамтад нь барина. Өнөөдрийн зах зээлд баригдаж буй орон сууц стандартын шаардлага хангадаг уу гэсэн асуулт хариу нэхдэг. Тэгвэл энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр 2025 он гэхэд ногоон барилга, ногоон орон сууц жишиг болон тогтсон байх болно. Эхний төслүүд амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хотод барилга барьж буй, гэр хорооллын дахин төлөвлөлтөд багтан ажиллаж байгаа барилгын компаниуд ч нэг шат ахиж, олон улсын хэмжээнд үнэлэгдэх болно.

-“Ногоон орон сууц” төслийн хүрээнд нийслэлд хэдэн айлын орон сууц баригдах вэ?

-Нийслэлийн хэмжээнд таван дэд төвд 10 мянган айлын орон сууц барина. 10 мянган айлын орон сууц барихад зориулж бид 570 сая ам.долларын хөрөнгө босгох шаардлагатай байгаа. Одоогийн байдлаар бид 270 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татаад байна. Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан зэрэг банк санхүүгийн байгууллагууд дэмжиж байгаа. 270 сая ам.долларын 53 сая ам.доллар нь буцалтгүй тусламж байгаа. Мөн Европын сэргээн босголтын банкнаас 30 сая ам.долларын ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлнэ. Ирэх жилээс Баян-Уулын аманд 114 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэлнэ. Энэ бүхэнд оролцогч аж ахуйн нэгжүүд маань бэлэн байх шаардлагатай тул өнөөдрийн энэ сургалтыг явуулж байна.

-Ногоон орон сууцны төсөлд оролцох компаниудын идэвх, санаачилга хэр байна?

-Өнөөдрийн сургалт бол анхных. Анхны сургалтад 60 аж ахуйн нэгжид урилга өгснөөс 59 нь ирж оролцож байна. Эндээс барилгын салбарынхан маш идэвхтэй, ногоон барилгын төсөлд санаачилгатай оролцож байгаа нь харагдаж байна. Дараагийн удаад бид Сэлбэ, Шар хад, Толгойт  дэд төвүүдэд сургалт зохион байгуулна гэлээ.

Ногоон барилга нь барилгыг төлөвлөх, барих, ашиглах бүхий л хугацааг хамарсан ойлголт бөгөөд хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй байх, нөөцийг үр ашигтай ашигласан байх шийдлийг барилгын ажлын төлөвлөлт, архитектурын шийдлээс эхлэн тусган хэрэгжүүлдэг онцлогтой. Мөн ногоон эдийн засаг, ногоон хөгжил, цаашилбал тогтвортой хөгжлийн үндэс болдог байна. Түүнчлэн ногоон барилга нь хоорондоо харилцан адилгүй байдаг бөгөөд улс орон, бүс нутаг нь цаг уурын өвөрмөц нөхцөл, өвөрмөц соёл, уламжлал, барилгын төрөл, насжилт, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн өргөн хүрээний тэргүүлэх чиглэл гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалан тухайн бүс нутагт ямар байхыг тодорхойлдог байна. Сургалтад хамрагдаж буй мэргэжлийн холбоод, барилгын компанийн төлөөлөлтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо.

“Монголын барилгын үндэсний ассоциаци”-ийн ТББ-ын ерөнхий менежер Т.Болормаа:

-Барилгын салбарынхан маань зөвхөн барилга бариад орхих биш яаж байгаль орчиндоо ээлтэй, эрчим хүч дулааны алдагдалгүй ая тухтай амьдрах вэ гэдэг гарц шийдлийг хайж байгаа. Тэгэхээр дэлхийн хамгийн сайн шилдэг технологи, шийдлийг Монголдоо нэвтрүүлэхэд анхаарахаас аргагүй.  Ногоон барилга нэвтрүүлэх нь цаг хугацааны асуудал байсан. Шинэ стандарт, шинэ шийдлийг компани аж ахуйн нэгжид таниулж байгаа НЗДТГ бусад хамтран зохион байгуулагчдадаа талархаж байна.

“ВЕЕ инкорпорэйшнс Монголия” ногоон барилгын зөвлөх компанийн бизнес хөгжлийн менежер Л.Мандариваа: 

- Манай компанийн хувьд ногоон барилгын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ганц газар байгаа. Дэлхий нийтээр ногоон барилгын 200 гаруй технологи байдаг. Тэдгээрээс Монголдоо тохирох стандартыг сонгоод нэвтрүүлэх, нутагшуулах бүрэн боломжтой. Тухайн төслийн зорилго, алсын хараанаас шалтгаалаад харилцан адилгүй байж болно. Урьд нь барилга байгууламж ногоон байна гэдэг нь трэнд маркетинг байсан бол одоо зайлшгүй шаардлага болсон. Тиймээс ногоон барилгын технологи, стандартыг Монголдоо нутагшуулах шаардлагатай.

ШУТИС-ийн харьяа  Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр:

-Өнөөдрийн сургалт нь ногоон барилгын талаарх суурь ойлголт өгөхөөс гадна нэгдсэн ойлголттой болгох ач холбогдолтой. Барилгыг  ногоон болгоно гэдэг маш өргөн ойлголт. Ногоон барилгын томоохон хэсэг нь эрчим хүчний хэмнэлт байдаг. Тиймээс эрчим хүчний хэмнэлттэй барилгууд баригдаж эхэлнэ гэж ойлгож болно.

Ай Ди Си Ай ХХК-ийн захирал Э.Ванчиндорж:

 

-Манай компанийн хувьд ногоон барилга барих зорилготой. Ковид-19 цар тахлын үеийн хоёр жилд олон талын сургалтад хамрагдлаа. Ногоон барилга төслийг хэрэгжүүлэхийн тулд оролцогч талуудын хүсэл сонирхол, эрмэлзэл тун чухал. Тиймээс ногоон барилгын талаарх ойлголт өгч, сургалт зохион байгуулсан бүх хүмүүст талархаж байна. Манай компани 2008 онд байгуулагдсан. Хаус, орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаа. 2023 он хүртэл саарал ус ашиглах технологи, нарны эрчим хүчийг барилгын салбарт ашиглах технологийг нэвтрүүлэхийг зорьж ажиллаж байна. 

“Монголын цонх, хаалга үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн Д.Алтангэрэл:

-Манай Улаанбаатар хотод дулаан алдагдалтай барилга орон сууц олон бий. Барилгын хана, дээвэр, цонх гурваар дулаан их алдагддаг. Тиймээс дулаан алдагдлыг бууруулах ямар стандартыг нэвтрүүлэх талаар маш их сонирхож байна. Бидний одоо мөрдөж буй стандарт нь ногоон барилгатай дөхүү. Гэвч хэрэгжүүлдэггүйгээс асуудал үүсдэг гэсэн юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС