Connect with us

Дорноговийн Мандах суманд “Дардан говь” ХХК зөвшөөрөлгүй уул уурхай эхлэхээр завдаж байна

Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Арваннаймын хонхор, Хошуун хонд хэмээх газар “Дардан говь” ХХК 30 гаруй машин, техник хэрэгсэлтэйгээр өнгөрөгч шөнийн 00.00 цагаас хойш ирж, нүүрсний уурхайн үйл ажиллагаа эхлэхээр зэхэж байгаа аж. Энэ талаар тус сумын хоёрдугаар багийн малчин Д.Мөнхчулуун бичлэг хийж, олны сонорт хүргэсэн байна. Уг компанид Мандах сумын 1, 2 багийн Иргэдийн нийтийн хурлаас зөвшөөрөл өгөөгүй, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас кэмп байгуулах зөвшөөрөл мөн олгоогүй юм байна. Ийм байхад Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, ТЭЗҮ, Хайгуулын төлөвлөгөө гарсан байх хууль, эрх зүйн үндэс байхгүй гэдгийг нутгийн иргэд хэлж байна.

Тиймээс тус компани ямар аргаар А зөвшөөрөл авсан бэ? Хэн тэдэнд зөвшөөрөл олгосон бэ? гэдэгт Мандах нутгийн иргэд хариулт авахыг хүсэж байгаа аж. Тэд энэ талаар тодруулж Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалтай өнөө өглөө 09:50 цагт утсаар холбогдоход “Сумын засаг дарга Б.Угтахбаярт сумынхаа цагдаа, байгал орчны байцаагчаа авч очоод яаралтай зогсоо” гэдэг үүрэг өгсөн гэжээ. Гэвч аймгийн Засаг даргын хэлсэнчлэн сумын холбогдох албаныхан арга хэмжээ аваагүй, “Дардан говь” ХХК-ийнхан үйл ажиллагаагаа зогсоогоогүй байгаа юм байна.

Уул уурхайн үйл ажиллагаа явуулахаар завдаж буй Арваннаймын хонхор, Хошуун хонд хэмээх газар Мандах сумын төвөөс 30 километр зайтай бөгөөд энд нийт найман малчин өрхийн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байдаг аж.