Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянтай ярилцлаа.

-“Сонгдо” эмнэлгээс халдварын хоёр сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор урьд шөнө нийтээрээ нэлээд түгшүүртэй хонолоо. Та бүхэн ч гэсэн өндөржүүлсэн байдалтай ажиллав уу?

-Өчигдөр (уржигдар) үдээс хойш Улаанбаатар “Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүнээс сэжигтэй шинж тэмдэг илэрсэн. Үүний дагуу ХӨСҮТ-өөс тусгай баг очиж ажилласан. Тухайн хоёр иргэн түргэвчилсэн оношлуураар “эерэг” гарсан байсан. Ингээд ХӨСҮТ-өөс нарийвчилсан PCR шинжилгээг хийж шөнө 01:50 цагт уг түргэвчилсэн шинжилгээний хариу үгүйсгэгдсэн.

Тухайн үед мэдээллийг авсан даруй холбогдох байгууллагууд эмнэлгийг хамгаалалтад авч халдвар хамгааллын дэглэмийн нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах чиглэлийн дагуу ажилласан. Нэлээн санаа зовж байсан. Харин нөхцөл байдал харьцангуй гайгүй өнгөрлөө.

-Гэхдээ ийм нөхцөл байдал хэзээ ч үүсэхийг үгүйсгэхгүй?

-Энэ нөгөө талаасаа бидэнд өгч буй сануулга дохио гэж бодож байгаа. Тиймээс бэлтгэл байдлаа илүү сайн хангах, хариу арга хэмжээг илүү нарийвчилж төлөвлөж авч хэрэгжүүлэх шаардлага гарч байна. Иргэд ч гэсэн гадуур гарах, олны хөлийн газраар явах зэрэг нь ямар эрсдэл дагуулж болохыг ойлгосон байх.

-Шинжилгээний хариу батлагдтал эмнэлгийг хаасан байсан уу. Хэчнээн хүмүүсийг тусгаарлалтад аваад байсан бэ?

-Анхны мэдээлэл ирсний дагуу эмнэлгийг тусгай хамгаалалтад авч сэжигтэй хоёр хүний нэгийг эмнэлэгт нь, нөгөөг нь ХӨСҮТ-д тусгаарласан. Сэжигтэй тохиолдолтой хамгийн ойрын болон дам хавьтлыг тогтоох талаар хууль хяналтын байгууллагууд ажилласан.

Холбогдох мэдээллийг авч, ойр хавьтлыг тогтоож тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажлыг цаг алдалгүй зохион байгуулсан.

-Тусгаарлаад байсан иргэдийг гаргасан уу. Эсвэл үргэлжлүүлэн тусгаарлаж байна уу?

-Хоёр сэжигтэй тохиолдол бол уушгины хатгалгаа гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан учраас тусгаарлах шаардлагагүй гэж эрүүл мэндийн байгууллагаас үзсэн. Тиймээс эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

-Өндөр настны ач хүү сэжигтэй тохиолдол байж болохоор байгаа. Түүнийг тусгаарлалтаас бас гаргасан уу?

-Ач хүүгийн хувьд Улаан-Үд рүү хоёрдугаар сарын 23-27-ны хооронд яваад ирсэн байсан. Тэр үед нь тухайн бүс нутагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй, байдал тайван байсан гэсэн үг. Тэгээд ч явж ирээд бараг хоёр cap болж байгаа учраас халдвартай байсан бол хангалттай шинж тэмдэг илрэх хугацаа өнгөрсөн.

Тиймээс тусгаарлах шаардлагагүй гэж үзсэн байгаа. Хэрэв шинжилгээгээр баталгаажсан бол бид бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хориог тогтоох, автомашины хөдөлгөөнийг хязгаарлах, шаардлагатай нөөцүүдийг дайчлах зэрэг дараагийн ажлын бэлтгэлээ бол хангаж байсан.

-Саяхан автомашины хөдөлгөөнийг хязгаарлах талаар ярьж байгаад намжсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор иргэд гадуур хүүхдээ дагуулж явах зэрэг хедөлгөөн нэмэгдсэн. Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөхгүй байх, амны хаалтаа зүүхгүй, нийтийн соёлыг дагаж мөрдөхгүй байх зэрэг хандлага илэрсэн. Үүнээс болгоомжлох үүднээс автомашины хөдөлгөөнийг тэгш, сондгойгоор зохицуулах арга хэлбэрийг сонговол яасан юм гэсэн саналыг Улсын онцгой комисст тавьсан.

Энэ асуудлыг Улсын онцгой комиссоос хэлэлцээд одоохондоо нөхцөл байдал хүндрээгүй байгаа учраас нийгмийн хэвийн амьдралыг алдагдахгүйгээр хуучнаар нь явуулъя гэсэн шийдвэрийг гаргасан. Тиймээс энэ санал хүчингүй болсон гэж ойлгож болно.

-Ер нь ийм цар тахлын хэмжээний онцгой нөхцөл байдал өмнө нь үүсэж байсан удаа байхгүй байх. Тийм үү?

-Энэ бол дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахал. Өмнө нь N1H1, шувууны ханиад, МЕРС зэрэг өвчнүүд гарч байсан. Тухайн үед төр засгаас тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байсан. Гэхдээ өнөөдрийнх шиг дэлхийн эдийн засагт нөлөөлсөн, үхлийн аюултай өргөн цар хүрээг хамарсан халдвар гарч байгаагүй.

Дэлхийн 213 улсад тархаад байна. Манай улсад бүртгэгдсэн 30 тохиолдол бүгд гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн. Энэ байдлаараа дотооддоо халдварыг тархаагаагүй цөөхөн улсын нэг болж байгаа. Гэлээ гээд бид тайвширч болохгүй. Илүү л хичээж ажиллах ёстой.

Иргэд хариуцлагатай байж, төр засгийнхаа гаргасан шийдвэрийг дагаж мөрдөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Улсын онцгой комисс өнөөдрийг хүртэл 17 удаа хуралдлаа. Засгийн газар есөн удаа коронавирусийн халдвартай тэмцэх, эрсдэлийг буруулах чиглэлээр хуралдсан байна. Мөн УИХ-д хоёр удаа халдвартай тэмцэх үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хийсэн байгаа. Ер нь УОК-оос коронавирусийн халдвараас сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тэмцэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаж байна.

Сүүлийн үед олон нийтийн хандлагыг сайжруулах, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалах соёлыг түгээх тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Үүний жишээ бол “Маскаа зүүцгээе” аян юм.

Энэ удирдамжийн дагуу аймаг, нийслэлийн засаг дарга, бүх төр болон төрийн бус байгууллага иргэдийн оролцоотой аян явагдаж байна. Иргэд хоорондоо тодорхой зай барьж харьцах хэрэгтэй.

ДЭМБ хоёр метр, 2.5 метрийн зайг зөвлөж байгаа бол Хятадад дөрвөн метр гэсэн зөвлөмжийг ч өгч байгаа. Үүний сацуу тогтмол амны хаалтаа зүүж байх, амны хаалтаа зүүгээгүй иргэдэд аж ахуйн нэгж, төрийн үйлчилгээ, худалдаа үйлчилгээний байгууллага үйлчлэхгүй байх ёстой.

-Гудамжинд явж байгаа хүнд хэн хяналт тавих вэ?

-Ер нь харилцан адилгүй байна. Дэлхий дахинд халдвар тархаж эхлэх үед иргэд амны хаалтаа зүүж, тогтмол гараа ариутгаж эхний хоёр сар идэвхтэй байсан. Харин дулаарсантай холбоотойгоор иргэдийн хандлага одоо суларч байна. Өнөөдрийг хүртэл дотоодоос халдвар илрээгүй.

30 тохиолдол бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн нь иргэдийн тайвшрах шалтгаан ч болж байна. Манайхаас зургаан удаагийн судалгаа хийсэн.

Судалгаагаар коронавирусийн халдвар гаднаас зөөвөрлөгдөж орж ирээд дотооддоо тархах эрсдэл өндөр байна гэсэн дүгнэлт гарсан. Иймээс үүнд түлхүү анхаарч ажиллаж байна. Иргэд ч гэсэн заавал хэн нэгнээр хяналт шаардлага тавиулахгүйгээр өөрсдөө ухамсраараа амны хаалтаа зүүгээрэй гэж хэлмээр байна.

-Тусгаарлалтаас гарсан 11 иргэн хаяг, утсаа буруу өгсөн гэсэн. Эдгээр иргэдийг тогтоосон уу?

-Эдгээр хүмүүсийн хаягийг тодруулах асуудал бий. Хаягаа буруу, зөрүү мэдүүлэх байдал гарч байна. Үүн дээр Улсын иргэний бүртгэлийн байгууллагатай хамтарч бүгдийнх нь хаягийг тогтоож хариуцлага тооцон гэрийн тусгаарлалтад нь шилжүүлээд байгаа. Ер нь одоо иргэдийн хувьд холбогдох байгууллагаас тавьсан шаардлагыг сайн биелүүлж байгаа.

-Алтанбулагийн боомтоор ОХУ-аас иргэдээ оруулж байгаа юу?

-Хилээр иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. Тусгай үүргийн нислэгээр гэхэд 1 800 гаруй иргэнээ авч ирээд байгаа. Одоогоор нийтдээ 6200 гаруй иргэн эх орондоо ирээд байна. УОК-ын хуралдаанаар БНХАУ-аас 50 иргэнээ татаж авах ажил өнөөдөр (өчигдөр) явагдаж байна.

ОХУ-д сүүлийн 14 хоногт коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаа учраас цаашид хүнд нөхцөлд байгаа иргэдээ хэрхэн татаж авах талаар ярьж байгаа. Ер нь гадаадаас 7 800 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ тавьсан. Янз бүрийн л асуудалтай иргэд байна. Гол нь тусгаарлах байрны нөөц зэрэг бусад боломжоо харж байж үе шаттайгаар иргэдээ татаж авах ажлыг хийх болно.

-Гэхдээ иргэдээ татаж авах нь улам л эрсдэл үүсгэх боллоо гэж нийгэмд бухимдал үүсээд байгаа?

-Үнэхээр хүнд байдалд орсон бол иргэдээ татаж авах нь бидний үүрэг. Мэдээж эрсдэлийг тооцоолж судалгаа хийсний үндсэн дээр шийдвэрийг гаргах болно.

Цаашдаа иргэдийг авч ирэхдээ эрсдэлээ бодож шинжилгээнд хамруулах шаардлагыг заавал тавина.

-ОХУ-аас ирсэн оюутнууд манайд бүртгэгдсэн 30 тохиолдлын дийлэнх хувийг эзэлж байна. Эдгээр оюутнуудыг шинжилгээнд хамруулж болоогүй юм уу?

-ОХУ хилээ бүрэн хаасан. Нутаг дэвсгэр дээр нь байгаа бусад улсын иргэд хүсэлт гаргавал шууд гаргах бодлого барьж байгаа.

Ямар нэг байдлаар эрүүл мэндийн үзлэг хийх, оношлох, халуун хэмжих зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байгаа. Энэ талаар Элчин сайдын яамнаас ярьж хөөцөлдөж байгаа ч өөрсдийнх нь дотоод байдал хүндэрсэн болохоор саналыг хүлээж авахгүй байдалтай байна.

-Тэгэхээр учирч болох эрсдэлийг урьдаас тооцоолж байжээ?

-Тийм. Тиймээс бид иргэдийг нэг нэгээр нь тусгаарлаж маш нарийн ажилласан. Цаашдаа Гадаад харилцааны яам дахин энэ асуудлыг тавих байх. Ер нь ихэнх орнууд коронавирусийн шинж тэмдэг илрээгүй л бол эмнэлгийн байгууллага хүлээж авахгүй байгаа. Мэдээж холбогдох Элчин сайдын яамдууд бусад оронд ч гэсэн хүсэлт тавьж байгаа боловч боломжгүй гэсэн хариу ирж байна.

-БНСУ-аас иргэдээ татаж авахдаа шинжилгээнд хамруулж байгаа шүү дээ?

-Ганцхан БНСУ-ын Эрүүл мэндийн яамны зүгээс манай улсын маш олон тооны монголчууд ажиллаж амьдардаг учраас энэ байдлыг харгалзаж үзээд шинжилгээнд хамруулах хүсэлтийг хүлээж авсан. Энэ бол маш том давуу тал.

-ОХУ-д халдвартай хоёр оюутан байгаа. Биеийн байдал нь хэр байгаа вэ. Татаж авах талаар яриа гараад байсан?

-Элчин сайдын яам оюутнуудтай холбоотой байгаа. Бид нэгэнт халдвартай нь тогтоогдсон иргэдийг ялангуяа онгоцоор олон хүнтэй хамт авч ирэх байдлыг дэмжихгүй л дээ. Олон улсын нислэгийн хууль дүрмээрээ ч тэр халдвар авсан д бол тээвэрлэхийг зөвшөөрөхгүй.

-Энэтхэгт 200 гаруй иргэн хүнд байдалд ороод байгаа. Нислэг үйлдэх талаар албаныхан бас ярьж байсан. Энэ тухайд?

-Мэдээж Америк, Испани, Итали, Энэтхэг гээд улсуудад хүнд байдалд байгаа олон хүн байна. Энэтхэг нислэгээ хаачихсан. Тиймээс нислэг үйлдэх боломжгүй байгаа ч нөхцөл байдал хүндэрч байгаа учраас хэрхэн татаж авах талаар яригдаж байна. Мөн Сөүл рүү тусгай үүргийн нислэг үйлдэх ажлыг түр хойшлуулаад байгаа. УОК-оос энэ сардаа багтаад иргэдээ татаж авах боломжтой гэж үзэж байна. Гагцхүү тусгаарлалтын байрны нөөцөөс хамаарч яг хэзээ гэдэг нь тодорхойгүй байна.

-Ер нь тусгаарлах байрны хүртээмж хэр байгаа вэ. Өвчний хоёр дахь давалгаа дөнгөж эхэлж байна гээд байгаа?

-Коронавирусийн халдвар тархсан тохиолдолд эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх талаар эрүүл мэндийн байгууллага ажиллаж аймаг, орон нутгийн эмнэлгүүдийн орны тоог гаргасан. 2 000 гаруй орыг нэн тэргүүнд дэлгэх, цаашдаа шинээр эмнэлгүүдийн судалгааг гаргаж байна.

Мөн Хан-Уул дүүрэгт баригдаж буй шинэ төрөх эмнэлгийг ашиглахаар болж байна. Үүнтэй холбоотой санхүүгийн асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар шийдэх байх. Дээр нь хээрийн эмнэлгийг дэлгэх боломжийг судалж байна. Зэвсэгт хүчин, цэргийн байгууллагад байгаа цэргийн зориулалттай эмнэлгийг дэлгэх тооцоо судалгааг хийж байна.

-Цар тахалтай холбоотойгоор иргэд, байгууллагаас нэлээдгүй хандив цугларч байгаа. Хандивыг хэрхэн зарцуулж байна. Эмнэлгийн тоног төхөөрөмжид хэчнээн төгрөг зарцуулав?

-Коронавирусийн халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, төр болон төрийн бус байгууллагуудын зүгээс халуун сэтгэлийн хандив ирсээр байгаа. Энэ бүх хүмүүстээ Засгийн газрын зүгээс болон Онцгой байдлын ерөнхий газрын зүгээс талархлаа илэрхийлье. Одоогоор 3.9 тэрбум төгрөгийн мөнгөн болон бараа материалын хандив цуглараад байна. 270 гаруй аж ахуйн нэгж, 28 мянга гаруй иргэнээс мөнгөн хандив ирсэн бол 50 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудаас бараа материалын тусламж ирсэн.

Эдгээр мөнгөн хандивыг Шадар сайдын буюу УОК-ын даргын баталсан түр журмын дагуу тэргүүн фронтод ажиллаж байгаа эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, цагдаа, хил хамгаалах байгууллага, онцгой болон бусад албан хаагчдын хувцас, хамгаалах хэрэгсэл, тодорхой хэмжээний ажлын урамшуулал зэрэгт зарцуулаад явж байна. Одоогоор 1.6 тэрбум төгрөгийг яг энэ зориулалтаар ашигласан.

Дээр нь эрүүл мэндийн байгууллагын техник тоног төхөөрөмжийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 900 орчим сая төгрөгийг зарцуулж байна.

Нэг удаагийн хамгаалах хэрэгсэл бус дараа нь эмнэлэгтээ үлдэж ард түмэндээ хэрэгтэй байх үүднээс нэн дутагдаж буй зүрхний аппарат хоёр ширхэг, ЭКМО аппарат нэг ширхгийг авах асуудлыг шийдсэн. ЭКМО аппаратыг угсрах, дагалдах хэрэгсэл зэрэг ороод 450 сая төгрөг бол зүрхний аппарат нь нэг бүр нь 120 сая төгрөгийн өртөгтэй юм.