Connect with us

Их хэмжээний мөнгө татсан С.Эрдэнийг шалгуулахаар Цэцэд хандлаа

УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд АН-ынхны толхилцоон туйлдаа хүрч,  намын дарга С.Эрдэнийг шалгуулахаар  Үндсэн хуулийн Цэцэд  хандлаа.

Үүнээс өмнө тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүд нэгдэн, АТГ, Тагнуулын ерөнхий газар, ХЭҮК зэрэг байгууллагад хандахад хүрээд буйгаа илэрхийлж байсан бол  албан ёсоор хандсан анхны байгууллага нь Цэц болов.

Учир нь  АН-ын  дарга С.Эрдэнэ ээлжит сонгуулийн сургаар горилогчдоос дэнчин нэрийдлээр их хэмжээний мөнгө хураах санаачилга гаргасан нь  эцэстээ намаа татан буулгах хэмжээнд хүргээд байна.

Өөрөөр хэлбэл, АН-аас сонгуульд нэр дэвшин өрсөлдөх эрх олгохын тулд эхний ээлжид 100 сая төгрөгийн дэнчин хураахаа зарлаж байсан бол өнгөрсөн сараас эхлэн хоёр дахь шатны гэрээ хийх нэрээр дээрх мөнгийг  300-400 саяд хүргэхээр болсон нь ийнхүү олон хүний эсэргүүцэлтэй тулгараад байна.

АН-аас сонгуульд нэр дэвших сонирхолтой ч энэ их мөнгөний босгыг давж чадахгүйд хүрсэн залуус нь   төрийн албан тушаалыг дамлан зарах даргынхаа санаачилгааг  өнгөрсөн хугацаанд хангалттай эсэргүүцсэн ч үл тоосоор өдий хүрсэн учраас эхнээсээ хуулийнханд хандаж эхэлж байгаа нь энэ аж.

Энэ удаад АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв Үндсэн хуулийн Цэцэд хандан гомдол гаргалаа. Ингэхдээ тэрбээр АН-ын даргын зүгээс  сонгуульд горилогч тус бүрээс 100 сая төгрөгийн дэнчин авч буй нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж байгаа эсэхийг тогтоолгохоор гомдолдоо дурдсан байна.

Ингэхдээ  АН-ын даргыг Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн учраас УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд зогсохгүй ээлжит сонгуулиас өмнө  АН-ын даргын суудлаас нь  огцруулах    хүртэлх арга хэмжээ авахыг шаардаж байгаа  аж.

Түүнчлэн С.Эрдэнэ  Үндсэн хуулийн 3.2 буюу төрийн эрхийг хууль бусаар авахаар завдахыг хориглоно гэсэн  заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 14.2 буюу Хүнийг үндэс угсаа, арьс өнгө, боловсрол, хөрөнгө чинээгээр нь ялгаварлаж үл болно  гэсэн заалтыг  зөрчиж,  горилогчдоос 100 саяын дэнчин авах шийдвэрээ  АН-ын Үндэсний бодлогын хороонд тулган батлуулсан.

Мөн Улс төрийн намын тухай хуулийн 5.1.3 дахь заалтыг зөрчсөн. Тухайлбал, аливаа намын гишүүн нь намын болон сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөд мөн л дээр дурдсанчлан хөрөнгө чинээ, боловсролоор нь хязгаарлаж болохгүй гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа.

Хуулийн эдгээр зүйл, заалтыг үндэслэн Цэцэд ханджээ.  Ийнхүү  Цэц түүний  гомдлыг авч үзээд маргаан үүсгэж,   дүгнэлтээ УИХ-д хүргүүлэх учиртай.  “Ингэснээр УИХ С.Эрдэнийн асуудлыг авч хэлэлцэх учиртай. Дээр дурдсан маш олон хуулийг  удаа дараа зөрчсөн, Монголын улс төрийг бохирдуулж, сонгууль будилаантуулж байгаа С.Эрдэнэ мэтийн хүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөөд зогсохгүй  дахин нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн  гэдэг нэрийн ард нуугдаж, хууль бус зүйлүүдийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд хийж ирсэн улс төрчдийг С.Эрдэнээр төлөөлүүлж, бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх ёстой” гэдгийг тэрбээр тодотголоо.

Трэнд