Connect with us

Б.Асралт дарга аа, 255 сая төгрөгөөр зангиа, тэмдэг, хавтас авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ ЗАРДАЛ байв уу?

Монголын нийгэм, эдийн засаг өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд амаргүй сорилттой тулгарсан хэвээрээ байна. Эсрэгээрээ цар тахлын нөлөөллөөс ангид, зоргоороо яваа нөхөд төрд олон байгаа нь ч баримттай үнэн билээ. Ковидоос сэргийлэн улс хилээ хаагаад зогсохгүй хувийн хэвшлээ бүтэн жил хорьж, цагдаж байх үед төсвийнхний тансаглал хоригдоогүй, үргэлжилсэн хэвээрээ байсныг “Шилэн данс” болон “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” дэх мэдээллүүд бэлхнээ харуулдаг.

 

Иргэдээ, хувийн хэвшлээ бүсээ чангал гэж бүтэн жил загнасан Засгийн газрын яамд, харьяа агентлаг, газрууд төсвийн мөнгийг зарцуулахдаа ёс зүйгүй, хариуцлагагүй хандаж буйд шүүмжлэлтэй хандахаас өөр аргагүй.

Арван сарын хугацаанд иргэдээ, эдийн засгаа хорьсон ч дотооддоо халдвар алдаж, нөхцөл байдал жинхэнэ утгаараа хүндэрч эхэлсэн үед төрийн байгууллагуудад төсвийн мөнгөнд ариг гамтай хандах ёстойг сая нэг сануулсан шийдвэрийг Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 17-нд гаргасан. Ер нь бол ийм шийдвэр гаргахгүй гээд ч яахав.

Цар тахлын хүнд үед тэвчиж болохоор зардлуудыг тэвчихгүй гаргасан төрийн байгууллагуудын нэг бол Гаалийн ерөнхий газар гэдгийг тодотгоё.

Тухайлбал, Монгол Улсын төсвийн орлого тааруу, алдагдал нэмэгдсээр байсан 2020 оны есдүгээр сард гэхэд Гаалийн ерөнхий газар 165 сая төгрөгөөр “Анар Гранд” ХХК-д  зангиа захиалан хийлгүүлсэн байдаг.
 


Төрийн байгууллага албан хувцас, хэрэгсэлдээ анхаарах нь зүй ч цаг үеийн нөхцөл байдлаа мэдрэх, аль болох зардал бага гаргахыг хичээх ёс зүйтэй хандлага Гаалийн байгууллагын удирдлагуудад байхгүйг илтгэх өөр мэдээллүүд ч байна.  

Тодруулбал, 2020 оны долоодугаар сарын 2-ны өдөр “Цэц тэнгэр” ХХК руу Энгэрийн тэмдэгний үнэ гэж 48 сая 833 мянга 40 төгрөг,  Албаны үнэмлэхний хавтасны үнэ гэж 41 сая 844 мянган  төгрөг  шилжүүлжээ.
 

Түрүүн хэлсэнчлэн төрийн байгууллага дүрэмт хувцас сэлтдээ анхаарах ёстой ч  цар тахлын үед бүгдээрээ энгэрийн тэмдэг, ажлын үнэмлэхний хавтсаа солиход олон арван сая төгрөг зарцуулаад байх нь зохистой юу. Эдгээрийг тэвчихийн аргагүй зардал гэж үзэх бүрэн үндэслэл бий юу гэдгийг Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтаас асууя.

Ковидын үед хил гаалийн ажилчдын хувьд хамгаалалтын хувцас хэрэглэлд байнга зардал гарч буй. Хамгаалалтын хувцасны төлбөрийн шилжүүлгийг хийхдээ нэг удаадаа 30 сая төгрөгийн шилжүүлэг хийдэг юм билээ.
 


Хэрэв 165 сая төгрөгөөр зангиа захиалан хийлгээгүй бол тахлын үед хамгийн их шаардлагатай байгаа хамгаалалтын хувцас хэрэглэлийн татан авалтын төлбөрөө 5 удаа шилжүүлэх нөөц боломж Гаалийн ерөнхий газарт үлдэж болохоор байж.

Гэвч зангиа, тэмдэг, үнэмлэхний хавтас зэрэгт 255 сая төгрөг зарцуулахгүй байх нь тэвчихийн аргагүй зүйл гэж үзсэн бололтой. Уг нь ийм эрсдэлтэй цаг үед нөөц боломжоо оновчтой хуваарилах нь тухайн байгууллагын удирдлагын анхаарах ёстой гол асуудал шүү дээ.

Эх сурвалж:zindaa.mn