Connect with us

"PFIZER”, “BIONTECH” компаниуд “COVID-19”-ийн ВАКЦИН гаргаж авахаар ажиллаж байна

АНУ-ын Нью-Йорк мужид нас баралт 24 цагийн хугацаанд эрс нэмэгдлээ. Энэ нь цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр тоо болсон ч эмнэлэгт хэвтэгсдийн тоо хамгийн цөөн бүртгэгдсэн байна.

АНУ-ын Халдварт өвчин судлалын институтийн захирал Энтони Фаучи АНУ-д нас баралт 100-200 мянгад хүрэх магадлалтай гэж тооцоолж байсан бол үүнийгээ 60 мянга болгож бууруулсан байна. Тэрбээр Нью-Йорк мужид нөхцөл байдал тогтворжиж байгааг тодотгожээ.

Үүнээс гадна “Pfizer”, “BioNTech” компаниуд хамтарч вакцин гаргаж авахаар болсон байна. Энэ оны эцэс гэхэд олон сая вакцин нийлүүлж эхэлнэ гэж тооцоолжээ.

Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдвар авсан 1.6 сая, нас барсан 95.6 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин 356.2 мянган хүн эдгэрчээ.

Испани болон Италид үндэсний хэмжээнд зарласан хөл хориог сунгахаар төлөвлөж байна. Харин Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эрчимт эмчилгээнээс энгийн тасаг руу шилжжээ.

Харин Германы канцлер Ангела Меркель шинэ төрлийн “коронавирус”-ийн тархалтын эрч буурч байгаа тул хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгахгүй байж магадгүй байна.

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель “Одоогоор хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгах шаардлага бага байгаа нь сайн мэдээ болж байна. Гэхдээ бид илүү хариуцлагатай байхыг зорьж байгаа. Эдийн засгийн яаман дээр дотооддоо хамгаалалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, ялангуа амны хаалт үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд баг гарган ажиллуулж байна. Бид өөрсдийн нөөц бололцоогоо бүрдүүлэхийг зорьж байна. Үүндээ бас Европыг багтаана. Учир нь энэ асуудал тивийн бүх улсад тулгамдаж эхэлсэн” гэж мэдэгдлээ.

Цар тахлын нөлөөгөөр дэлхийн хэмжээнд хүнсний нийлүүлэлт, өрхийн орлого буурч байна. Өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тоо ойрын хэдэн сард хоёр дахин нэмэгдэж, 1.6 тэрбум хүрэх магадлалтай гэж хүнсний салбарын компаниуд, мэргэжилтнүүд тооцоолжээ.

Н.Номин-Эрдэнэ
Эх сурвалж: bloombergtvmongolia.com

Трэнд