Сүмогийн тавдугаар сарын тэмцээнд түрүүлсэн бөх Трампын гараас нэрэмжит цомыг нь хүлээж авна

Өөрийн нэрийг брэнд болгох дуртай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 12-нд Токиод эхэлсэн мэргэжлийн сүмогийн тэмцээний ялагчид тусгай цом гардуулахаар төлөвлөжээ.

 

Тэрээр “Trump Cup” нэртэй цомыг түрүү бөхөд дурсгах гэнэ. Тавдугаар сарын 25-28-ны өдрүүдэд Японд айлчлах Трамп тавдугаар сарын 26-ны өдөр Токиогийн Рёгоку Кокугикан ордонд болох сүүлчийн өдрийн барилдааныг үзэж сонирхох ажээ.

Энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч дэвжээнд гарч, түрүү бөхөд цомоо гардуулах юм байна. Тусгай цомын талаар Японы ерөнхий сайд Шинзо Абэг дөрөвдүгээр сард АНУ-д айлчлах үеэр ярилцаж тохирсон гэнэ.

Энэ удаагийн айлчлалаар хоёр удирдагч уламжлалын дагуу гольф тоглож, Трампын дуртай гамбургерыг зооглох ажээ.

Дональд Трамп нь Японы шинэ эзэн хаан Нарухитод бараалхах гадаад орны анхны төрийн тэргүүн болох юм.

 

Эх сурвалж: Asahi Shimbun

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)