АТҮТ-ийн дэд дарга Ш.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр зэхэж байна

Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж байсан даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал яригдаж байна. Тодруулбал, ЗТХЯ-нд Авто тээврийн Үндэсний төвийн дэд дарга Ш.Батсайхантай холбоотой маш олон гомдол мэдээлэл иржээ. Мэдээлэлд, түүнийг "Олон Улсын ачаа тээврийн С зөвшөөрөл, хотын нийтийн тээврийн зөвшөөрөл, Гашуунсухайтын зөвшөөрлийг олгохдоо хээл хахууль нэхэж, хүндрэл чирэгдэл учруулж байна. Таньдаг хүмүүстэй ихэвчлэн зөвшөөрөл өгч, танихгүй хүмүүсээс мөнгө нэхэж, заримд нь бүр ямарч зөвшөөрөл олгохгүй хэцүү байгаа" тухай дурдсан байна. 

Гэтэл түүний асуудал зөвхөн яаманд ирсэн иргэдийн гомдлоор зогсоогүй байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-т шалгаж байгаа аж. Тодруулбал, АТГ-аас Олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгохдоо албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бүртгэлийн системд автотээврийн хэрэгслийг бүртгэлгүй мөртлөө бүртгэсэн хэрэгт буруутган шалгаж байгаа юм байна. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан бөгөөд шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна. 

 Нэгэнт хэрэг нь хуулийн байгууллагад шалгагдаж, иргэдийн гомдол мэдээлэл тасрахгүй байгаа учраас яамны удирдлагуудын зүгээс түүнийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргахаар зэхэж байгаа тухай эх сурвалж мэдээлэв. Учир нь түүний цаана авлигын том сүлжээ бий болсон байж болзошгүй хэмээн үзэж байгаа бололтой. 

Б.Аз Zaluu.com

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)