Г.Урнаа: Ахмад үе гэдэг бол ажил, амьдралын хамгийн том багш

МУГЖ Г.Урнаатай ярилцлаа.

 

-Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” зохиол болох “Бүсгүйн зурвас” жүжиг саяхан нээлтээ хийлээ. Энэхүү уран бүтээлийн талаар яриагаа эхэлье...

-Энэ зохиолыг хэдэн жилийн өмнө уншаад жүжиг хийвэл гоё юм гэж Жагаатайгаа ярьж байлаа. Учир нь жүжигчин хүний ур чадвар шаардсан гоё дүртэй байсан юм. Тоглолт маань үзэгчдэд амжилттай хүрч байна. Уран сайхан дотоод хяналт зэргээрээ маш өндөр үнэлэгдсэн. Жүжигчдийн ур чадварыг сайшаан магтсан их сайхан уран бүтээл боллоо. Үзэгчид биднийг маш сайхнаар хүлээж авч байгаад баяртай байгаа. Ямар ч жүжигчин хүн ур чадвараа харуулсан, боргилсон дүртэй жүжигт тоглохыг хүсдэг.

-Энэхүү бүтээлд таны бүтээсэн дүр, нийгэмд хэлэх санаа их чухал санагдсан?

-Миний дүрээр юу илэрхийлэгдэж байна гэхээр өнөөгийн нийгмийн гэр бүлийн харилцааг тод томруунаар хөндсөнд байгаа юм. Гэр бүлийн салалт их байгаагаас олон хүүхэд өнчирч байна. Эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ буруу харьцаж байна. Энэ бүхнийг л жүжгээрээ ингэж болохгүй юм шүү гэдгийг харуулахыг зорилоо. Нэг талаараа гэр бүлээ, нөхрөө авч үлдсэн эмэгтэй хүний ухаан, хат, тэсвэр тэвчээрийг харуулсан дүр. Миний хэлж байгаа үг бүр үнэтэй санагдаж байгаа. Би сайн, муу аль ч дүрд тоглож байлаа. "Лусын дагина"-ы далайн шуламын дүрд хүртэл тоглож байлаа шүү дээ. "Суудал" жүжгийн Өрлөг эхийн дүр гэхэд л их хурц ширүүн. Эрдэнэбулган гуай дуулалт кино хийж "Учиртай гурав"-ын Хоролмаагийн дүрд ч тоглож байлаа. Харин эерэг талын дүрүүд гэх Үнсгэлжин, Жульетта, Стелла зэрэг их сайхан дүрүүд бий. Гадаадын хоёр гурван ч кинонд тоглосон. Би Өүлэн ээжийн дүрийг бүтээж миний хүү Тэмүүжинд нь тоглож байлаа. Тэр кинонд Өүлэн ээжийг яг л байгаагаар нь бодит, гоёл чимэглэлгүй энгийн талаас нь гаргадаг. Хамгийн сүүлд л гэхэд Солонгосын нэг кинонд тоглочихоод байна даа.

-Та театрт 30 гаруй жил ажиллачихлаа. Тайз, дэлгэцийн бүтээлд олон дүр бүтээсэн. Багш нарынхаа талаар дурсахгүй юу. Алтан үеийнхнээ дурсвал?

-Театртаа тасралтгүй 32 жил ажиллаж байна. Театр маань миний гэр минь л болчихсон. Жагаа бид хоёр Москва хотын театр урлагийн сургуульд хамт сурч байсан. Тэнд сурч байхдаа дөрвөн мэргэжлийн багштай байлаа. Манай бүжгийн багш еврей үндэстэн байсан л даа. Хичээл заахынхаа хажуугаар амьдралын олон зүйлийг заадаг байсан юм. Бид хоёрт маш олон зүйл захина. Анхнаасаа л нэгнээ сонгосон бол насан туршдаа хамтдаа байхын төлөө явах ёстой. Хэрвээ амьдралдаа алдвал ахиад л эхэлнэ. Аливаа зүйлсийг дандаа эхлүүлэх биш, үргэлжлүүлэх нь чухал шүү гээд л гэртээ аваачиж байгаад л ярьдаг сан. Эдгээр багшийн маань хэлж захисан, сургасан зүйлс амьдралд маань их нөлөөлсөн. Театрт анх ороход МУАЖ Д.Мэндбаяр эгч тосч авч байлаа. МУАЖ П.Цэрэндагва ах хоёулаа дүр болгон дээр хэлж, ярьж дэм өгдөг байсан. Би ээжээсээ наймдугаар ангидаа хагацаж байсан юм. Тийм болохоор Мэндээ эгч ээж шиг минь санагддаг, сэтгэлдээ ээж шигээ хардаг байлаа. Дотроо их хайрлана. Мөн МУГЖ Б.Тунгалаг эгч маань байна. Театрт анх хөл тавьснаас авахуулаад өдийг хүртэл амьдралд минь хамгаас их түшиг болдог хүн. МУАЖ Г.Мягмарнаран ах маань байна. Их тийм залуу сэтгэлгээтэй. Долгорсүрэн, Эрдэнэтогтох нарыгаа их хүндэлж явдаг. Дөнгөж театрын босгоор алхаж байхад Долгорсүрэн л ихэвчлэн жүжигт тоглодог байлаа. Дэлгэцээр гарах Танягаасаа авахуулаад л дэлгэцийн жүжигт Долгорсүрэн тоглоно. 1982 онд төгсөх үед жүжигчдийн календарь сугалуулж байлаа. Тэгэхэд МУАЖ Т.Хандсүрэн гуайг сугалж байсан юм. Зургийг нь хараад л яг ийм мундаг жүжигчин болно гэж боддог байлаа. Одоо ч миний альбомын хамгийн эхэнд тэр хүний зураг байдаг. Ахмад үеийн МУГЖ Т.Цэвээнжав, МУАЖ Л.Жамсранжав, Г.Гомбосүрэн гуайтай олон сайхан дүрүүдэд тоглож байлаа. МУАЖ Л.Цогзолмаа гуайтай хүртэл хамтарч ажиллаж байлаа шүү дээ. Эртний театрынхантай хамтарч жүжгэнд нь тоглодог байлаа. Эртний театрынхан өөр өөрсдөө хоолоо бэлдээд ирчихдэг, тэгээд тойрч суугаад л тэднээс сургаал сонсоно. Би урлагийн гэр бүлд өссөн л дөө. Миний аав балетчин, ээж маань дуурийн дуучин байсан. Миний ах нар бүгдээрээ бүжигчид. Би Дуурийн теарт хэлд орсон цагаасаа л өссөн. Бүхий л балет, дуурийг үзсэн дээ. Тэр үеийн МУАЖ О.Ганбаатар, МУГЖ Л.Лхасүрэн гуай гээд бүгдийг нь мэднэ. МУГЖ Г.Готов гуай, нэрт жүжигчин Ж.Занабазар гуай, МУГЖ П.Цэвэлсэн гуайг ч таньдаг байлаа. Агуу МУАЖ С.Гэндэн гуай намайг жоохон байхад аавтай гэрт орж ирээд ганц юм хундагалаад л сууж байдаг байлаа. Ахмад үе гэдэг ажил, амьдралын хамгийн том багш юм даа.

-Алтан үеийн сургааль сургамж үнэтэй байх?

-Тэгэлгүй яахав. Тэр мундаг хүмүүсээс маш их зүйл сурсан. Г.Гомбосүрэн гуай гэхэд л олон зүйл хэлнэ. Г.Гомбосүрэн гуай чинь маш олон Жульеттатай тоглочихсон шүү дээ. Би Жульеттагийн 11 дэх нь гэж явдаг. 10 Жульетта төрүүлчихсэн хүн шүү дээ. Би яаж хүсч тоглож байна яг тэрүүгээр нь явна. Намайг их зөөлөн, энхрий юм гэж хэлдэг байсан. Маш их дэм өгдөг байлаа. Баатар найруулагчтай ажиллах ямар гоё гээч. Нэрт найруулагч Г.Доржсамбуу гуай байна. Бүр цаанаасаа ажиллахад урам зоригтой байдаг. Мөнхөө багштайгаа олон жүжигт тоглосон доо. Тэр хүн намайг нээж өгсөн. Багш бид хоёрын хамтарч ажиллаж байсан "Суудал" жүжгийн Өрлөг ээжийн дүр байдаг. Жүжигчин сэтгэл гаргана. Найруулагч түлхэж өгнө. "Суудал" жүжгээ одоо би төгсөх дөрөвдүгээр курсийн оюутнууддаа тавьж өгөх гэж байгаа. Мэдээж би тэд нараас өөр шигээ зүйл шаардахгүй. Тухайн хүүхдийн авьяас чадвар дээр нь тулгуурлана шүү дээ.

-Гэр бүлийн хүнтэйгээ хамтарч хэд хэдэн уран бүтээлд тоглосон. Хамтарч тоглоход илүү бие биенээ мэдэрч чаддаг нь давуу тал болов уу?

-Гол дүр, туслах дүр байсан ч ямарваа нэг жүжигт гэртээ бэлдэж байдаг. Бид тэр бүх сэтгэл санаагаараа тэр ертөнцдөө, жүжигтээ орчихдог. Орой үдэш жүжгийн сургуулилтаа тарсан ч гэртээ хамт бэлддэг. Хань минь миний анхны зөвлөгч байдаг. Урьд нь мэдээж эхнэр нөхөр, аав охин гэх мэт дүрд хамтарч тоглож л байсан. Амьдралд жүжиг маш хэрэгтэй учраас бид ч бас дотор нь ороод сураад мэдрээд л явж байна.

-Залуу үеэ хэр дэмждэг вэ. Залгамж халаа болсон залуу жүжигчдийн ур чадвар ямар түвшинд явж байна гэж харж байдаг вэ?

-Би театрт ажиллахынхаа хажуугаар багшилдаг. Оюутнуудаа хэзээ ч авьяасгүй, чадваргүй гэж буруутгадаггүй. Тэр хүүхэд сурах гээд ороод ирчихсэн бол багш хүн зааж өгөх л ёстой. Бүгд мундаг жүжигчин болдоггүй юм аа гэхэд урлагт хайртай хүн болж төгсөнө шүү дээ. Би оюутнууддаа чи авьяастай л бол тайзан дээр яаж ч байсан гэрэлтэнэ гэж хэлдэг юм. Маш сайн хүүхэд сурч байх явцдаа мэдрэмжгүй болж муудах үе байна. Юу ч мэдэхгүй хүүхэд орж ирээд задраад задраад л явчихдаг. Миний шавь нар ихэнх нь хөдөө орон нутагт ажилладаг. Ногоон алим шиг орж ирж байгаа хүүхдүүдийг мэргэжилдээ дуртай, хүсэл тэмүүлэлтэй болгох нь багшаас шаардагдах учраас аль болох өөртөө байгаа бүхий л зүйлээ зааж өгөхийг хүсдэг.

-Тэр тусмаа театр орж ирж байгаа жүжигчдээс илүү ур чадвар шаарддаг байх, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Саяхан зургаан шижигнэсэн залуу театрт орж ирлээ. Ингээд харахад театрын жүжигчид залуужчихсан байна. Театр гэдэг бол босго өндөртэй. Тэр тусмаа олон залуучууд орж ирж байгаа үед бүр чанга болж байна. Өшөө илүү байж театрт орно. Нэг жүжгэнд тоглуулаад ямар хэмжээнд байгааг нь харчихдаг юм. Манайх шинэ орж ирсэн хүүхдүүддээ багш хуваарилдаг. Хариуцаж байгаа багш нь заана, зөвлөнө. Би ч гэсэн одоо хүртэл сураад л явж байна. Театрт залуу, хөгшин гэлтгүй бие биенээсээ суралцаад явж байдаг.

-Гэр бүлийн хүнтэйгээ хамтарч театр байгуулаад удаагүй байна?

-Ханьтайгаа “Хангарьд” гээд театр байгуулсан. Тэр театртаа жүжгээ би өөрөө найруулчихна аа, бас. Хятадад анх удаа “Найрын ширээний ууц” драмын жүжгийг бид хоёр тоглууллаа. Одоогоор ихэвчлэн урд тоглож байна. Хувиараа долоо найман кино хийчихсэн байна шүү.

Кино бол ганц л тоглоно. Тоглож байхдаа л энд тэндээс зураг авч байгаад эвлүүлдэг. Засах боломжгүй учраас маш нарийвчилж ажилладаг. Тайзны бүтээл бол засаад л тоглоод байдаг. Дүрээ өшөө лавшруулж байдаг. Аль алинд л мэдээж ур чадвар шаардана.

Эх сурвалж. Өдрийн сонин

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)